Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулсан. Сонсголын дөрөв дахь өдөр “Шинэ Яармаг” төслийн зээлийн эргэн төлөлтийн тухай хэлэлцсэн юм.
2015 онд "Нью Яармаг хаусинг прожект" ХХК хөгжлийн банкнаас 50 сая долларын зээл авахдаа 100 орчим саяар үнэлэгдэх 21,8 га газрыг барьцаалсан байдаг. 2018 оноос шүүхийн шийдвэрээр Хөгжлийн банканд байсан барьцаа хөрөнгийг чөлөөлснөөс ямар ч барьцаа хөрөнгөгүй зээл болж чанаргүй, муу ангилалд шилжсэн.
Нийт 1.2 сая ам.долларыг "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн удирдлагын хамаарал бүхий хүмүүс бэлнээр авч зориулалт бусаар зарцуулсан гэж шинжээчид дүгнэжээ.
2012 онд олгосон энэ зээл шаардлага хангаж байсан уу...
Сонсголын үеэр 50 сая ам долларыг 100 саяын барьцаатайгаар авсан ТОСК-Шинэ яармаг компанийн захирал Ц.Ууганбаяр: “Манай компани анхнаасаа их мөнгөтэй, том компани байгаагүй. Бидэнд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх мөрөөдөл л байсан. Тэрийгээ бид нар хэрэгжүүлсэн гэж бодож байгаа” гээд хээв нэг таахалзаад сууж байна.
Харин Хөгжлийн банкны захирал Ж.Батаа: “Тухайн үед зээл олгож байсан журамд өөрчлөлт орсон. 2019 оны есдүгээр сард батлагдсан журмаар барьцаа хөрөнгийг үнэлж байгаа. Энэхүү журамд нийт үндсэн барьцаа хөрөнгийн 60 хувь байх ёстой гэж заасан. Газар барьцаалбал нийт барьцааны 40 хувиас хэтэрч болохгүй гэдэг журам үйлчилж байгаа” хэмээн өөрсдийгөө хаацайлав.
Жирийн иргэд 100 сая төгрөгийн барьцаагаар хэдэн төгрөг авч чадах вэ?
"Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хүн гэж яригддаг. Танил сайтай компанийн захирлын мөрөөдөлд 50 сая доллар хангалттай багтдаг юм байж. Харин жирийн иргэд бид 50 сая долларын зээл авахын тулд доод тал нь 50 сая төгрөгийн үнэлгээ бүхий барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай.
Танил чинээгүй энгийн иргэд бидэнд 5 сая төгрөг зээлэхэд хүртэл хэчнээн өндөр босго тавьдаг гэдгийг цалингийн зээл авахаар оочирлож байгаа залуусаас харж болох биз ээ...