Нийгэм
2023.01.25 12:28
1055
Монгол зөгийн бал дэлхийн зах зээлд гарах боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.25/ "Михачи" компанийн Гүйцэтгэх захирал Ибүкүро Томоког хүлээн авч уулзлаа. "Михачи" компани нь Томоко брэндийн зөгийн бал, зөгийн лавтай бүтээгдэхүүн, жигнэмэг зэргийг үйлдвэрлэж байна.

2015 онд Төв аймгийн Батсүмбэр суманд 30 бүл зөгийгөөр эхлүүлж байсан "ТОМОКО" зөгийн аж ахуй нь 2020 онд ISO9001:2015 чанарын гэрчилгээ, 2021 онд HACCP, 2022 онд Ребрэндинг хийж, бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэн жилдээ 5.4тн зөгийн бал хурааж буй туршлагатай, зах зээлд өөрийн брэндийн бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэн гаргадаг компани болжээ. Мөн гадна гадаад болон дотоодод төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулах, дадлага хийлгэх зэрэг үйл ажиллагаануудыг гүйцэтгэж байна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт байрлах зөгийн ферм нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд зундаа Сэлэнгэ аймгийн Хушаат, Шаамар болон Төв аймгийн Цээл сумуудаар бэлчээрлэлт хийдэг.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Зөгийн аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүн бүгд хүний эрүүл мэндэд тустай, эмчилгээний чанартай. Тэгэхээр экспортод хамгийн түрүүнд гаргах боломжтой монголын хөдөө аж ахуйн салбарын эко дүр төрх нь яах аргагүй зөгийн бал. Тиймээс "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36-р тогтоолд зөгийн аж ахуй эрхлэгчид болон шинээр эрхэлж байгаа баялаг бүтээгчдэд дэмжлэг болох заалт орсон. Тухайлбал, Газар тариалангийн чиглэлээр авах арга хэмжээнд "зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортлох боломжийг бүрдүүлэх" гэж заасан байгаа. Экспортлох боложмийг бүрдүүлээд өгчихвөл зөгийн балыг дотоодын зах зээлд төдийгүй Хятад, Америк зэрэг эдийн засгийн өргөн уудам зах зээл рүү орох боломж бий гэдгийг үйлдвэрлэгчид маань хэлж байна.

И.Томоко: "Михачи" компани одоогийн байдлаар дотооддоо төдийгүй Япон, Солонгос руу зөгийн балаа экспортолдог. Цаашлаад Хятадын зах зээлд гаргахаар зорьж байна. Хятад руу зөгийн бал экспортлох улс хоорондын гэрээ хэлэлцээр хийгдээд амжилттай хэрэгжвэл зөгийн балны үйлдвэрлэл хөгжинө. "Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд энэ асуудал шийдэгдээсээ гэж хүсч байна. Өргөн дэлгэр нутагтай, эрүүл хөрстэй, хүн ам цөөтэй түүнийгээ дагаад бүтээгдэхүүн нь чанартай, эко гэсэн ойлголт олон улсад байдаг учраас Монгол зөгийн бал дэлхийн зах зээлд гарах боломж бий.