Нийгэм
2023.01.27 10:49
987
Я.Содбаатар: УИХ-ын 36-р тогтоол болон түр хорооны тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цаашлаад хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход үндсэн хөшүүрэг болно

Өнөөдөр /2023.01.27/ "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Жанжин Сүхбаатарын танхимд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уулзалтыг нээж үг хэллээ.

Тэрээр, "Монгол улсын хэмжээнд хүн амын хүнсний хангамжийн баталгаат байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хүнсний шим тэжээлийн асуудлыг Эрүүл мэндийн яам, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам, эмзэг бүлгийн хүн амын хүнсний хүртээмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хүнсний гадаад худалдааг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа бол импорт, экспортын хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд тавигдах хяналт, шалгалтыг Гаалийн ерөнхий газар, малын эрүүл мэндийн асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар, гамшгийн үеийн хүнсний нөөцийг Онцгой байдлын ерөнхий газар, хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартыг Стандарт хэмжилзүйн газар, нийслэл болон орон нутгийн хүнсний хангамж, худалдаа, үйлчилгээг аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар тус хариуцаж байна" хэмээн Хүнсний хангамж, аюулгүй байдалд оролцогч төрийн байгууллагуудын чиг үүргийг онцоллоо.

Мөн тэрээр хэлсэн үгэндээ "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол, Улсын Их Хурлын түр хорооны тогтоол-ын хэрэгжилтийг бүрэн хангаснаар Монгол улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цаашлаад хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход үндсэн хөшүүрэг болно" гэдгийг тодотгов.