Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.01.27 18:08
2589
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Би тэр үеийн хуучин хуулийн драфтийг аваад орчуулгад өгсөн ба Meta-д өгөөгүй байсан

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен нар уулзсан эсэх, хуулийн төсөл дээр хамтарч ажиллах талаар ярилцсан эсэх нь үнэн, худал гэсэн маргаан цахим орчинд түгээд байв. Тэгвэл энэ талаар тус уулзалтад хамт оролцсон Монгол Улсад ажиллаж буй тус компанийн төлөөлөгч А.Бямбажаргал өөрийн фэйсбүүктээ тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “ХЗДХЯ-тэй өнгөрсөн жил Meta компанийн төлөөлөл болон миний бие уулзсан. Дээрх tweet-н дагуу хамтран ажиллах талаар ярилцсан ба яг ажил хэрэг болж эхлээгүй байсан. Би тэр үеийн хуучин хуулийн драфтийг аваад орчуулганд өгсөн ба Meta-д өгөөгүй байсан.

Харин Жеорж Чэн-ы tweet-н хариулт нь шинээр батлагдсан ЦХХХЯ-н хуулийн тухай ярьж байгаа ба, Meta-н зүгээс энэ хуулийн хувьд ямар нэгэн оролцоо байхгүй гэж хэлж байгаа юм. Сайдыг худалч гэж дуудаагүй гэдгийг тодотгох хэрэгтэй байх.

Мэдээж бид үргэлж хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дээдлэн ажиллах ба шинэ хуулийг Англи хэл дээр хүлээн авч манай хуулийн багийнхан судалж эхэлсэн байгаа” гэдэг тайлбар оруулжээ. Түүнчлэн энэ талаах ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ч мөн “Манай улсад ажиллаж буй төлөөлөгч гэх бүсгүй рүү 2 ч удаа и-мэйлээр хүргүүлсэн байдаг тохиролцсоны дагуу. Андуурсан юм болов уу даа” гэдэг тайлбарыг өгч байв. Ямартай ч уг уулзалтаар энэ яриа хэлэлцээр болсон бөгөөд “Мета”-ын төлөөлөгч хуулийн төслийг орчуулж байсан хэдий ч төв байгууллага руугаа явуулж амжаагүй байжээ гэж харахаар байна" гэсэн тайлбар хийжээ.