Баялаг бүтээгч
2023.01.29 16:46
4260
Э.Батсайхан: Хүнсний хувьсгалын хүрээнд гахайн аж ахуйн салбарыг орхигдуулалгүй дэмжсэнд талархаж байна

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг нар "Эко порк" эрчимжсэн гахайн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.

Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөгийн бор толгойд байрлаж буй "Эко порк" эрчимжсэн гахайн аж ахуй нь стандартын шаардлага хангасан зориулалтын орчин нөхцөлд цэвэр үүлдрийн гахайг өсгөн үржүүлж, ангилал, насны онцлогт тохируулан энерги, уураг, эрдэс бодисоор балансжуулсан бүрэн найрлагат тэжээлээр технологи горимын дагуу тэжээж , лаборатори, сорил шинжилгээнд хамрагдсан, эрүүл чанартай гахайн мах зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

Хүчин чадлын хувьд жилд 50-80 толгой үндсэн сүрэг эргэлтэнд оруулж, 500-900 гахай нэг дор байрлаж, 1000 толгой гахай буюу 70 тонн гахайн мах үйлдвэрлэх хүчин чадалтай. Мэгж нь нэг удаа төрөхдөө 8-15 торой гаргадаг бөгөөд жилд байрны технологид тулгуурлан 2-3 удаа төллөх юм. Өнөөдрийн байдлаар тус аж ахуйд 10 гаруй ажилтан, 900 орчим гахай байгаа бөгөөд цаашид 10 мянган гахайтай болохоор ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Монгол Улсын хэмжээнд "Тэрбум мод", "Эрүүл монгол хүн", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" гэх гурван том үндэсний хөдөлгөөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж байна. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх тул дээрх гурван хөдөлгөөн хоорондоо уялдаа холбоотой өрнөж байгаагаараа онцлог. "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан бөгөөд дийлэнх заалт нь үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн агуулгатай. Мөн тус тогтоолыг маш олон төрийн байгууллага, олон улсын багууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлнэ. Өнөөдрийн хувьд тогтоолыг гол хэрэгжүүлэх ХХААХҮЯ-тай хамтарч ажиллан, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. УИХ-ын 36-р тогтоолд гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн заалт бий. Энэ хүрээнд "Эко порк" эрчимжсэн гахайн аж ахуйд холбогдох мэдээллийг өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг:

Монгол Улс жилд 4.4 тонн гахайн мах, өөхийг импортоор аьдаг бол дотооддоо 1 мянган тонн гахайн мах, өөхийг үйлдвэрлэж байна. Цаашид энэ салбарт олон улсын стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр мэгж, бодон импортлох, гахайн үржлийн аж ахуйн нэгж байгуулах, бүс нутагт төрөлжсөн гахайн фермерийн аж ахуй байгуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, гахайн тэжээлийн үйлдвэр байгуулах гэх мэт бодлогын дэмжлэг шаардлагатай байна.

"Эко порк" Эрчимжсэн гахайн аж ахуйн фермийн Гүйцэтгэх захирал Э.Батсайхан:

Манай аж ахуй 10 мянган гахайтай болох зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Гахайны байрууд бүгд зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдож, тэжээл хагас автомат, усалгаа нь нэгдсэн шугамаар, тасалгааны хэм, агааржуулалт сэнсний ажиллагаа нь компьютерийн хяналтаар зохицуулагддаг. Хүмүүс гахайн аж ахуй гэхээр бохир орчинтой, хоолны үлдэгдлээр тэжээдэг гэх мэт ойлголттой байдаг. Харин манай ферм зориулалтын тэжээлээр бордож, эрүүл ахуй, чанар стандартад нь маш сайн анхаардаг. Мөн генетикийг ньсайжруулах зорилгоор Солонгос улсаас үр тээвэрлэж ирэн, туршилт хийж байгаа бөгөөд сүүлийн туршилт хийсэн 10 гахайны 6 нь амжилттай төл авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан нь маш цаг үеэ олсон гэж бодож байна. Мөн манай гахайн аж ахуйд ирж, бодит нөхцөл байдалтай танилцаж байгаад талархаж байна.

 
 
 
 
2000