Нийгэм
2023.01.31 15:48
1019
Амьдралын аялал бүрт хамт байх “Вояж” брэнд хүнсний хувьсгалд нэгдлээ

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч "ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ийн "Voyage" брэндийн цэвэр усны үйлдвэрт ажиллалаа.

"Эм Жи Эл Акуа" ХХК нь 2001 оноос эхлэн ундаа цэвэр усны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн монголын хамгийн анхны, хамгийн том цэвэр усны үйлдвэр юм.

2016 онд Ти Эм Эл ХХК худалдан авсан бөгөөд цэвэр усны зах зээлд мөрдөгдөж буй савласан цэвэр усны стандартын MNS 5007:2007, Олон улсын хүнсний аюулгүй байдлын FSSC-22000-ын стандартад нийцсэн технологиор үйлдвэрлэгдсэн "Voyage" брэндийн цэвэр усаар Монгол Улсын цэвэр усны зах зээлийн 40 орчим хувийг хангадаг. Нийт 190 хүнийг ажлын байраар хангаж, цагт 10 тонн, хоногт 200 тонн, жилд 86,000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай ажиллаж байна.

"Эм Жи Эл Акуа" ХХК-ийн Voyage цэвэр усны үйлдвэр энэ онд хамгийн бага буюу 200 мл- ын савлагаатай цэвэр усыг зах зээлд нийлүүлж буй юм. Ингэснээр байгалиас олборлосон үнэ цэнтэй түүхий эдэд хэмнэлттэй хандаж, байгаль орчин, хэрэглэгчдийн эдийн засагт ээлтэй аргаар үйлдвэрлэл явуулж байна. Мөн шошгоноос бусад савлагааны түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдаж авдагаараа онцлог юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжих, чухал заалтууд бий. Тухайлбал хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний амт чанар, сав, баглаа боодлыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын зориулалтын брэндийг хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг нь тогтвортой явуулахад эргэлтийн хөрөнгөөр дэмжих гэх мэт олон заалт тусгагдсан. Мэдээж эдгээр заалтыг бодит амьдралд хэрэгжсэн, үр дүнтэй ажил болгоход төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллаж байгаагаараа онцлог. Энэ хүрээнд хүнсний хувьсгал өрнөсөн хагас жилийн хугацаанд 21 аймгийн удирдлагуудтай уулзаж, үндэсний үйлдвэрүүдтэй танилцаж байна. Баялаг бүтээгчдийнхээ санал хүсэлтийг сонсох ажил одоо ч үргэлжилж байна. Өнөөдөр стратегийн хүнс болох цэвэр усны "Voyage" брэндийн үйлдвэрт ажиллалаа.

"Эм Жи Эл Акуа" ХХК –ийн Гүйцэтгэх захирал Т.Дөлгөөн

Манай компани 2017 онд 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжаа өргөтгөж, технологийн шинэчлэл хийн, бүрэн автомат савлагааны машин, тоног төхөөрөмж, усны шүүлтүүр суурилуулсан. Амьдралын аялал бүрт хамт хэмээх уриатай манай хамт олон 2023 онд ажилчдынхаа авьяас чадварыг дээшлүүлж, тэдний сурч хөгжих боломжийг хангахад гол анхаарлаа хандуулж ажиллана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг цаг үеэ олсон ажил болсон гэж үзэж байна. Цэвэр ус нь стратегийн гол хүнс гэж ярьдаг боловч энэ салбарт тусламж, дэмжлэг ховор байдаг. Иймд хүнсний хувьсгалын хүрээнд шингэн хүнс, ялангуяа цэвэр ус үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна. Ингэж чадвал үндэсний үйлдвэрлэгч бидэнд эх орондоо хийж бүтээх асар их нөөц боломж бий.