Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.01.31 16:18
6071
Ярилцлагын шалгалтын үйл явцыг зайнаас төхөөрөмжөөр дамжуулан сонсож байна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын хоёр дахь буюу ярилцлагын шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус ярилцлагын шатанд хэрхэн хяналт тавьж буй талаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ.

Сонгон шалгаруулалтын явц амжилттай үргэлжилж байна. Ярилцлагын шатны шалгалт өчигдөр өглөөний 08:30 минутаас эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 123 хүн орохоос 8 хүн ирээгүй. Өнөөдрийн хувьд нийт 78 хүн орохоос 4 хүн ирээгүй. Процессын хувьд 3 өдөр  шалгалт үргэлжлэх байсан ч 4 өдөр болгон сунгасан. Дараа нь буюу энэ баасан гарагт ярилцлагын дүнг нэгтгээд "Эрдэнэс Монгол" компанид хүлээлгэн өгснөөр сонгон шалгаруулалтын ажил дуусах юм.

МҮХАҮТ-ын зөвлөх Д.Ерөө: Шалгалтын ирц 90 хувьтай байна. Сорилын шалгалт өгч, эхний тавд орсон ажлын ярилцлагын урилга авсан залуучууд маань хариуцлагатайгаар ярилцлагадаа орж байна. Ажлын ярилцлагын үндсэн агуулга нь тухайн хүний үндсэн чадамжийг шалгаж байна. Мөн тухайн ажлын байранд тавигдаж байгаа чиг үүрэг, ажлын туршлагыг нь шалгаж байна.

Ийм хоёр үндсэн зарчитай байгаа. Ажлын ярилцлагын баг маань хувийн хэвшил, төр, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын төлөөллүүдээс бүрдсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажлын ярилцлагын зохион байгуулж байна." 

Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа: Энэ удаагийн сонгон шалгаруулалт нээлттэй болон нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалт явуулж байгаагаараа онцлог болж байна. 71 албан тушаал, 88 ажлын байран дээр хүний нөөцийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж буй. Эхний сорилын шалгалтан дээр нийт 1215 оролцогч орсон.

Агуулгыг ТАЗ болон их дээд сургуулиудын төлөөллүүдтэй хамтран бэлтгэсэн бол өнөөдрийн ярилцлагын шалгалтын агуулгыг их дээд сургуулиудын төлөөлөл болоод Монголдоо мэргэшсэн хүний нөөцийн чиглэлийн компанийн төлөөллүүд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран зохион байгуулж байна. 

МУИС-ийн багш Г.Давааням: Ярилцлагын шалгалтан дээр хөндлөнгийн байгийн зүгээс шууд болон шууд бусаар хяналт тавьж байна. Шууд гэдэг нь ярилцлага зохион байгуулж буй тасалгаанууд дээр очиж, процессын болон агуулгын хувьд дүгнэлт хийж байна. Шууд бус гэдэг нь зайнаас бүхий л ярилцлагын тасалгаанууд дээр үйл явцыг төхөөрөмжөөр дамжуулан сонсож байгаа. Хөндлөнгийн баг хоёр зүйл дээр их анхаарлаа хандуулж байна. 

Нэгдүгээрт, Ярилцлагын явцад төлөвлөсөн асуултаас гажсан эсвэл тулгасан асуулт тавих гэх мэт дутагдал илэрсэн тохиолдолд зөвлөмж бичиж, тухайн алдааг засуулах тал дээр анхаарч ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Хоёрдугаарт, Ярилцлагыг нэгдсэн стандартаар буюу тэгш байдлаар бүрдүүлж зохион байгуулж буй эсэхийг мөн хянаж байгаа" гэлээ.