Нийгэм
2023.02.01 12:30
4547
Яллагдагчаар татагдаад буй Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргажээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тухайд нэлээд эртнээс буюу ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд мартагдаад байсан. Тэгвэл яллагдагчаар татагдаад буй дуулианы эзэн Ж.Мөнхбат гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

        Монгол Улсын их хурлын гишүүн Жамьян овогтой Мөнхбат миний бие Улсын их хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн /10.12 Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно/ дараах хувийн хүндэтгэх шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж гаргаж байна. Үүнд:

        Нэг. Настай ээжийн маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна. 

        Хоёр. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа. 

         Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. 

         Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна. 

         Надад итгэлээ өгч дэмжин, хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг маань дэмжиж, бурууг маань шүүмжлэн сургамжилж байсан монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж мэхийн ёслъё. 

        Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. 

Гэсэн дээрх хүсэлтийг гаргажээ. Тэрээр мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамтаар яллагдагчаар татагдаад буй юм.