Нийгэм
2023.02.03 15:38
1320
Б.Амарсанаа: Дотооддоо шим тэжээл, амин дэмийн агууламж өндөр, чанартай хүнсээр иргэдийнхээ хэрэгцээг 100% хангах боломж бий

"Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны төлөөллүүд газар тариалан, гоёлын цэцгийн тариалалт, сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Сансаргоо" компанийн үүсгэн байгуулагч Б.Амарсанааг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Уулзалтаар шим тэжээл, витамин, биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй шинэ төрөл, сортын хүнсний ногоог эх орны хөрсөнд органикаар тариалж өргөн хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын хэрэгцээг 100 хувь хангах "Sarana Food" төсөл болон Хүүхдийн хоолонд зориулсан хүнсний ногоо тариалалт төслөө танилцуулав.

Монголчууд бид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 дээш хувийг, нийт хүнсний бүтээгдэхүүний 70 дээш хувийг импортоор авч байна. Үүнтэй холбоотой хорт хавдрын өвчлөл, шим тэжээлийн дутагдал, боловсролын хоцрогдол зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Б.Амарсанаа "Дэлхийд органик хүнс тариалах боломжтой цөөхөн хэдэн улсын нэг Монгол улс. Бидэнд эрүүл хөрс, уудам газар, орон зай, жилийн 300 хоног нь нарлаг, жилийн 4 улиралтай, бордоо үйлдвэрлэх түүхий эд байна. Дотооддоо шим тэжээл, амин дэмийн агууламж өндөр чанартай хүнснийг үйлдвэрлэн иргэдийнхээ хэрэгцээг 100% хангах боломж байна. Иймд Хүнсний хувьсгалыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд иргэдэд соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээлэл олгох контентыг гаргах нь нэн чухал" гэдгийг онцоллоо.

ХҮҮХДИЙН ХООЛОНД ЗОРИУЛАН ТУРШИЖ БУЙ ХҮНСНИЙ НОГОО

Тэрээр мөн

  • Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудыг хөл дээр нь босгож ирэх,
  • Шинэ залуу судлаачдыг гадаад, дотоодод бэлтгэх,
  • Сайн эрдэмтэн, судлаачдыг гадны улсаас оруулж ирэх,
  • Үрийн аж ахуйн тусгайлан байгуулж, хөгжүүлэх,
  • Ногоон хөтөлбөр боловсруулж бага, дунд ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт оруулах зэрэг ажлыг төр хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлыг хийх талаар санал солилцлоо.

Сансаргоо ХХК нь инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг олноор бий болгоход чиглэж буй судалгаанд суурилсан үйлдвэрлэл явуулж байна. Тус компанийн зүгээс 2015 оноос гоёлын 5 төрлийн цэцэг тариалж, импортыг орлосон бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх "Sarana Garden" төслөө эхлүүлжээ.

Мөн "Sarana foods" төслийг хэрэгжүүлж 10 төрлийн 50 гаруй сортын хүнсний ногооны туршилт, судалгааны тариалалтыг сүүлийн 4 жилийн хугацаанд тасралтгүй амжилттай хийгээд байнаТөслийн зорилго нь шим тэжээл, витамин, биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй шинэ төрөл, сортын хүнсний ногоог эх орны хөрсөнд органикаар тариалж өргөн хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилготой.