Нийгэм
2023.02.06 17:01
913
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний ууган сүүний үйлдвэр "Сүү" хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд ууган сүүний үйлдвэр "Сүү" хувьцаат компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

"Сүү" хувьцаат компани нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Мөн 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 малчны хоршоо байгуулсан нь сүү бэлтгэлийг шинэ түвшинд хүргэв. Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн шууд орлогыг малчдад бүрдүүлсэн нь нийт сүүний урамшууллын 60%-ийг бүрдүүлсэн байна.

Сүү, цагаан идээ нь монголчуудын хүнс тэжээлийн голлох бүтээгдэхүүний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай. Нэг хүн амд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь улс орны үндэстний хөгжлийн түвшний чухал үзүүлэлтүүдийн нэгд тооцогддог.

Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр нийт сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувийг импортоор авч байгаа нь нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байх эрсдлийг дагуулаад буй. Иймд нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхам хийх шаардлагатай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч улс орон даяар "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" эхлүүлсэн.

Төрийн тэргүүн эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг уриалж байгаа нь дотоодын хүнс үйлдвэрлэгчид төдийгүй бусад уялдаа холбоотой ажилладаг баялаг бүтээгчдийн нурууг тэнийлгэж байна.

"Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хүн бүр эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг уриалж байгаа нь дотоодын хүнс үйлдвэрлэгчид төдийгүй бусад уялдаа холбоотой ажилладаг баялаг бүтээгчдийн нурууг тэнийлгэж буй явдал" хэмээн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа хүнс үйлдвэрлэгчид илэрхийллээ.