Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2023.02.07/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Хүн Од" компанид ажиллалаа.
"Хүн од" компани нь 1992 онд анх үүсгэн байгуулагдсан. ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм. Эдүгээ 60 гаруй ажиллагчидтай, шинээр бий болгосон ARMOS брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хот орон нутгийн 400 гаруй худалдаа, үйлчилгээний цэгт өөрсдийн борлуулалтын албаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн ОХУ, Хятад, Герман, БНСУ зэрэг орнуудтай Монгол мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг тогтмол хийж харилцан ашигтай хамтран ажиллаж экспорт импортын үйл ажиллагаа явуулж байна.
Удаан хугацаанд орхигдоод байсан үйлдвэр эрхлэгчдийг Монгол Улсын төрийн тэргүүн санаачилга гарган дэмжиж байгаад талархаж байна.
"Манай компани өдөр бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт хамгийн ойрхон худалдааны төв, зах, дэлгүүрт зориулалтын машинаар түргэн шуурхай тээвэрлэн хүргэж дотоодынхоо мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах үйлст хувь нэмрээ оруулаад 30 жил болж байна. Түүхий эд, техник тоног төхөөрөмж нь импортоос хараат, түүгээрээ дамжуулж үйлдвэрлэлийн түвшин шалтгаалж буй өнөө цагт үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг хэцүү. Гэвч бид эх орондоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж байдагтаа бахархдаг. Үйлдвэрлэгч бидэнд санхүүгийн дэмжлэгээс илүү үйлдвэр, үйлчилгээний салбар хөгжсөн улсаас туршлага судлах, харилцаа холбоо үүсгэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэж боддог. Удаан хугацаанд орхигдоод байсан үйлдвэр эрхлэгчдийг Монгол Улсын төрийн тэргүүн санаачилга гарган дэмжиж байгаад талархаж байна" хэмээн "Хүн Од" компанийн зүгээс илэрхийлэв.