Нийгэм
2023.02.08 20:07
2928
Хаягдал цаас дахин боловсруулах анхны үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангахыг зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр “Монголчууд өөрсдөө хийж бүтээх цаг нь ирсэн, томоохон стратегийн төвшиний бүтээн байгуулалт хийж буй танай хамт олонд амжилт хүсье” хэмээгээд бодлогын төвшинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн хамт Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарын албаны хүмүүс ажиллав.

Тус компани нь 100 гаруй ажилтантай бөгөөд 2010 онд дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан.  Тэгвэл 2022 онд Монголын анхны цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг нээсэн байна.

Цаас дахин боловсруулах үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч, 100 хувь саарал ус ашиглан хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаасыг хоногт 30 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Харин үндсэн үйлдвэр нь жилд дунджаар 25.2 сая ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авдаг байсныг орлож чадсанаар хоногт 70-80 мянган ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: 

“Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 2030 он гэхэд 40 хувьд хүргэж, “Ногоон хөгжлийн бодлого”-д байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хөрсөө эрүүл, хүнсээ эрүүл, хүн амаа эрүүл байлгах зорилго бүхий 3 том хөдөлгөөн өрнүүлээд явж байна. Тэгвэл тус үйлдвэрийн монгол улсад үзүүлэх экологийн ач холбогдол нь төрийн тэргүүний хэрэгжүүлж буй хөтөлбөртэй нийцэж байна. Учир нь хаягдал цаасыг дахин боловсруулснаар, нүүрсхүчлийн хийгээс сэргийлэх, усны хэмнэлт, хөрсний бохирдолтийг багасгах давуу талууд бий. Нөгөөтэйгүүр дотооддоо ашиглаж буй 6.1 мянган тонн бор цаасны хэрэглээг бүрэн хангаснаар импортод зарцуулж буй валютын урсгалыг бүрэн зогсоох зэрэг эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлыг дурдвал олон эерэг талууд байна.

Эдийн засгийн ач холбогдол:

  •  Дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортод гаргах боломжтой.
  • Цаашид хайрцаг, сав, баглаа боодлын бор цааснаас гадна хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох 80-250 гр шохойтой болон матт цаасуудыг үйлдвэрлэх суурийг тавина. Ингэснээр импортоор орж ирж буй энэ төрлийн 7.1 мянган тонн хэвлэлийн цаасыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.
  • Цаасыг булж устгахад гардаг их хэмжээний зардлыг хэмнэнэ.

Үйлдвэрийн экологийн ач холбогдол:

  •  Монгол улсад жилдээ гардаг 3.4 сая тонн хог хаягдлын 18%-ийг эзэлдэг цаасан хог хаягдлыг их хэмжээгээр бууруулна.
  • Үйлдвэрт Европын дэвшилтэт эко технологийг нэвтрүүлсэн бөгөөд зөвхөн саарал ус ашигладаг тул цэвэр усыг их хэмжээгээр хэмнэнэ.
  • Үйлдвэрлэлдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй химийн бус эрдэнэшишийн цардуу ашигладаг
  •  Нэг тонн хаягдал цаасыг боловсруулсанаар 0.9 тонн бор цаас үйлдвэрлэдэг бөгөөд ингэснээр тонн тутамдаа 17 мод тайрахаас сэргийлнэ.
  • Мөн тэр хэмжээний мод огтолж шинээр цаас үйлдвэрлэхэд зарцуулах байсан 4100 кВт эрчим хүч, 26,5 мянган литр усыг хэмнэнэ.
  • Хаягдал цаасыг булж устгадаг бөгөөд дахин боловсруулснаар тэрхүү хаягдлыг булах байсан 3.2 м3 газрыг хөндөгдөж эвдэгдэхээс хамгаалан унаган төрхөөр нь үлдээнэ.
  • Цаасан хог хаягдлыг шатааж устгахад ялгардаг нүүрсхүчлийн хийг бууруулна. Нэг тонн хаягдал цаасыг шатаахад агаарт 750 кг нүүрсхүчлийн хий ялгардаг.

Эдийн засгийн ач холбогдол:

  • Дотоодын хэрэгцээ болох 6.1 мянган тонн бор цаасны хэрэглээг бүрэн хангаснаар энэ төрлийн импортод зарцуулж буй валютын урсгалыг бүрэн зогсооно.
  •  Дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортод гаргах боломжтой.
  • Цаашид хайрцаг, сав, баглаа боодлын бор цааснаас гадна хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох 80-250 гр шохойтой болон матт цаасуудыг үйлдвэрлэх суурийг тавина. Ингэснээр импортоор орж ирж буй энэ төрлийн 7.1 мянган тонн хэвлэлийн цаасыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.
  • Цаасыг булж устгахад гардаг их хэмжээний зардлыг хэмнэнэ.
  • Бизнесийн орлогоос улсад төлөх татвар шимтгэл нэмэгдэнэ.

Нийгмийн ач холбогдол

  • Хаягдал цаасыг мөнгөөр үнэлж авах тул энэ хэрээр айл өрх, албан байгууллагуудын  орлого нэмэгдэнэ.
  • 70 гаруй ажилтныг тогтмол ажлын байраар хангаснаар тэр хэрээр айл өрхийн орлого нэмэгдэнэ.
  • Хогийг үнэ цэнэтэй болгож үнэлж авснаар аж ахуйн нэгж, иргэдийг хогоо ангилж хаях дадал суулгахад хөшүүрэг болно.
  • Гадаад улсын тэргүүний дэвшилтэт технологи, урьд өмнө байгаагүй шинэ үйлдвэрлэлийн нөү хау нэвтэрснээр дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлийн боловсон хүчин дотоодод бий болж цаашид өргөжих үндэс суурь тавигдана.
  • Дэлхий нийтээрээ хог хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах үйлсэд бодлогын түвшинд анхаарал хандуулж буй орчин үеийн чиг хандлагатай Монгол улс хөл нийлүүлэхэд бодит, үлгэр жишээ алхам болно.