Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш, Улсын филармонийн найрал хөгжмийн хөгжимчин Б.Зоригттой ярилцлаа.
-Та хэзээнээс цохивор хөгжимтэй холбогдсон бэ?
-Одоогоос 28 жилийн өмнө. Анх 1985 онд Казахстаны Алматы хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд л ХБК-д багшаар орсноос хойш өнөөдрийг хүртэл цохивор хөгжимтэй холбоотой амьдарсаар явна. Миний өмнөх хүмүүс, тухайлбал До.Жамсран багш маань үүсгэн байгуулж, түүнийг нь би тордож тойлж, хөгжүүлж яваа хэрэг.
-1985 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ өөртөө ямар зорилго тавьж байв?
-Харийн нутагт байх тусмаа хүн эх орон руугаа тэмүүлдэг, Монголынхоо төлөө юм бүтээх гэсэн хүсэл нь бүр их тунгаар илэрдэг юм билээ. Оюутан байх хугацаандаа би Казахстаны Эрдмийн их симфони найрал хөгжимд гурван жил ажилласан. Тэр үед Монгол Улсынхаа симфони найрал хөгжмийг хөгжүүлэх юмсан, ийм өндөр түвшинд хүргэхийн тулд миний бие юу хийж чадах вэ гэж бодож байлаа. Санасан ёсоор болсон нь ч бий, болоогүй нь ч бас байгаа.
-Нийт хэдэн шавьтай вэ?
-Яг одоо сурч байгаа 21 хүүхэд байгаа.
-Таны хамгийн анхны шавь нар хэдэн онд төгссөн бэ?
-1986 онд төгссөн.
-Яг одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хэдэн хүн байна вэ?
-Төгсөгчдийн маань 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа.
-Төгсөгчдөөс хамтарч уран бүтээлээ туурвиж байгаа хүмүүс байгаа юу. Бүгд тарчихсан уу?
-Өмнөх жилүүдийн төгсөгчид маань мэргэжлийн урлагийн байгууллагуудад тараад ажиллаж байгаа. Тэд маань эргэж нэгдээд чуулгаараа уран бүтээл хийх боломж өнөөгийн нөхцөлд байхгүй. Яагаад гэхээр хөгжим зэмсэг хүрэлцээгүй байдаг. Ирээдүйд хөгжмийн зэмсэг хүрэлцээтэй болвол хамтарч тоглохыг үгүйсгэхгүй. Цаашлаад чуулга маань Монгол Улсын чуулга болж, албан байгууллага болгон дэргэдээ цохивор хөгжмийн чуулгатай болчихсон байхыг хэн ч үгүйсгэхгүй. Цаг хугацааны л асуудал.
-Хөгжим хүрэлцээгүй байдаг гэсэн. Хөгжмөө хаанаас авдаг вэ. Хэдэн төрлийн цохивор хөгжим байдаг вэ?
-Бид дэлхийн сонгодог цохивор хөгжмөөр тоглодог. Энэ хөгжим маань дэлхийн соёлтой улс гүрнүүдэд бүгдэд нь байдаг. Сонгодог царгил хөгжим гэж ч нэрлэж болно. Төрлийн хувьд металл болон халуун орны зандан мод гээд маш олон материалаар хийсэн цохивор хөгжим орно. Мөн сэгсэрч, маажиж тоглодог. Янз бүрийн дуу авиа гаргадаг гээд бараг л 40-өөд төрөл байдаг. Өндөр хөгжилтэй цөөхөн хэдхэн оронд үйлдвэрлэгддэг. Нэлээн үнэтэй хөгжмийн зэмсгүүд байдаг болохоор манайд цөөхөн бий.
-Монголдоо цохивор хөгжим үйлдвэрлэх боломж байхгүй юу?
-Одоо бол байхгүй. Гэхдээ ирээдүйд үйлдвэрлэдэг болохыг үгүйсгэхгүй. Баянхонгор аймгийнхан чулуун царгил хөгжим гээд хийчихсэн байгаа. Бид тэдэнтэй нийлж тоглох гэж байгаа. 375 хүүхэд чулуун царгил хөгжим тоглоод бид нар ар талд нь хөгжмийн хэлээр баяжуулж тоглоно.
-Цохивор хөгжим Монголд орж ирээд, төдийлөн удаагүй байгаа шүү дээ. Таны бодлоор хэр хурдацтай хөгжиж байна вэ?
-Яг үнэн. Монголд орж ирээд удаагүй байгаа. Ялангуяа чуулга гэдэг утгаараа 2007 оноос хойш л ард түмэнд танигдаж эхэлсэн. Өмнө нь бол манайд хөгжмийн зэмсэг нь хомс, боловсон хүчин бага байсан. Харин одоо харьцангүй гайгүй болсон. Бид сүүлийн долоон жилийн турш урын сангийн бодлогыг их том түвшинд авч үзэж, түүн дээрээ түшиглээд Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонгож, найруулга хийж тоглосноор хүмүүст илүү хүрсэн гэж боддог. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын маш өндөр ур чадвар шаардсан бүтээлүүдийг тэдний зэрэгт хүрч хөгжимддөг. Бас ардын хөгжмийг ч гэсэн хөгжимдөж байсан.
-2007 оноос чуулга байгуулагдаж хүмүүст танигдаж эхэлсэн гэлээ. Зөвхөн оюутнуудын биш, улсын хэмжээний чуулга болох боломж бий юу?
-Мэдээж боломж байгаа. Бид өнөөдөр Монгол Улсын чуулга болно гээд явахад буруудах зүйл байхгүй. Гэхдээ бид тэгж явахгүй байна л даа. Уг нь манай төгсөгчид өөрсдийн гэсэн чуулгатай болоод чуулгадаа ажиллах юмсан гэж их ярьдаг. Хэрэв төр засгийн бодлогоор дэмжээд улсын хэмжээний Цохивор хөгжмийн чуулга болчихвол бидний урын сан болоод цохивор хөгжмийг сонирхох үзэгчдийн тоо эрс нэмэгдэнэ. Бид улсаас байгуулсан чуулга биш учраас жилдээ нэг л удаа уран бүтээл хийдэг. Харин улсын чуулга болчихвол нэгдүгээрт, бидний уран бүтээлийн чанар сайжирна. Хоёрдугаарт, жилд ганцхан удаа тоглож байгаа бүтээлээ ядаж сардаа нэг удаа тоглодог болно. Хэрэв улсын цохивор хөгжмийн чуулга байгуулагдчихвал бүх хөгжимчдөө чуулга руугаа татаад улсын бодлогыг алдагдуулна гэсэн үг биш. Төгсөгчид маань мэргэжлийн урлагийн байгууллагууд руугаа тараагддагаараа тараагдана.
-Монгол улсын цохивор хөгжмийн чуулга байгуулья гэсэн хүсэлтээ яаманд гаргаж байсан уу?
-Үгүй гаргаж байгаагүй.
-Яагаад. Уг нь хүсэлт гаргавал огт дэмжигдэхгүй асуудал биш байх гэж бодож байна?
-Ер нь бол хүсэлт гаргах юмсан гэж боддог. Гэхдээ эхлээд бид сайн уран бүтээл хийгээд түүгээрээ гайхуулж түмэнд танигдъя гэж боддог. Тэгснийхээ дараа л хүсэлтээ тавина даа.
-Чуулгынхаа томоохон амжилтуудаас дурьдвал?
-Бид нар Бээжин хотын “Сувдан театрт” 60 хүний бүрэлдэхүүнтэй очиж маш том тоглолт хийсэн. Өвөрмонголын Хөх хотын Улаан театрт ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд болсон Монголын соёлын өдрүүдэд чуулгаараа тоглолт хийсэн. Мөн бид Дархан-Уул аймаг, Эрдэнэт хот, Өвөрхангай аймаг зэрэг нэлээд олон аймгуудад тоглолтоо хийсэн.
-Танайхыг урлагийн гэр бүл гэж сонссон?
-Тиймээ. Эхнэр маань ХБК-ийн хуучрын багш. Харин миний том хүү З.Энхмөнх ХБК-ийн морин хуурын ангийг, дараа нь хөгжмийн онолчоор төгсөөд одоо “Kush and Oyuka” жааз хамтлаг байгуулж, бас хажуугаар нь тэс ондоо мэргэжлээр буюу “Aero Mongolia”-д ажиллаж байгаа. Залуу хүн хэрнээ төрөл бүрийн салбарт хүч сорьж байгаа болохоор том хүүгээрээ би маш их бахархдаг. Хүүгийн маань ганц дуртай зүйл нь сонгодог хөгжим байдагт эцэг хүний хувьд их олзуурхдаг юм. Тэр хүн хэн болох нь, юу хийх нь өөрийнх нь мэдэх хэрэг, харин сонгодог хөгжмийг үнэн голоосоо шимтэж, шүтдэгт нь л би хүүдээ баярладаг. Өөрөө ч би одоо том хүүгээсээ суралцаж л явна. Харин манай бага бол томтойгоо адил хэрсүү биш. Гэхдээ алтан толгойтой. Энэ алтан толгойн ашгийг гаргах цаг удахгүй ирнэ л гэж хүлээдэг. Манай бага ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч. Миний болон эхнэрийн минь хар залуугийн мөрөөдөл бол түүнийг төгөлдөр хуурч болгох байсан. Одоо бол бага хүүгийн маань боловсрол, мэдлэгт надаас илүү ээж нь их үүрэгтэй оролцдог юм. Би чамд нэг нууц юм хэлье. Манай эхнэр “Чи засгийн хүүхдийг болохоор дээд зэргээр анхаарч, өвч бэлтгэж байгаа хэрнээ өөрийнхөө хүүхдийг ер тоохгүй юм” гэж намайг зэмлэдэг (инээв). Бага хүү маань хөгжим зохиодог, би ч их дэмждэг.
-Таны хувьд хамгийн мартагдашгүй тайз хэзээ, хаана байсан бэ?
-Би тийм ч олон тайзан дээр гараагүй. Гэхдээ ОХУ-ын алдарт Большой театр, Японы “Opera City Hall”, Бээжингийн Сувдан театр, Хөх хотын Улаан театрт тоглож байсан. Хамгийн мартагдашгүй нь гэвэл оюутан байхдаа казах үндэсний найрал хөгжимтэй хамтаар Большой театрын тайзнаа гарч байсан үе болов уу. Мөрөөдлийн театрын тайз гэдэг залуу, оюутан хүний хувьд юу байх вэ та бүхэн гадарлаж байгаа байлгүй. Маш их догдолж байсан ч айхтар айж, эмээж бол байгаагүй. Харин ч тайз руу их л омог бадрангуй гарч байснаа санаж байна.
Биднийг ийн ярилцаж суухад наадмын нээлтийн бэлтгэлээ хийж байсан түүний шавь нар орж ирсэн юм. Бид түүний шавь Н.Бямбадоржтой цөөн хором ярилцлаа.
-Хэдэн жил цохивор хөгжмөөр хичээллэж байна вэ, одоо хэддүгээр курс вэ?
-Одоо хоёрдугаар курсд сурдаг. Цохивор хөгжмөөр хичээллээд долоон жил болж байна.
-Яагаад цохивор хөгжмийг сонгож хичээллэх болсон бэ?
-Цохивор хөгжим бол хамгийн чанга дуугардаг, бас хамгийн сул дуугаргаж ч болдог хөгжим. Надад цохивор хөгжим хүний дотоод араншинг гаргахад илүү амар юм шиг санагддаг. Бас хувь хүнд гоо зүйн өндөр мэдрэмж, хүмүүжил олгодог.
-Энэ сайхан хөгжмийг зааж сургаж байгаа багшийнхаа талаар сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Манай багш бол мундаг, маш хөдөлмөрч хүн. Надад багшаасаа сурч мэдэх зүйл их байгаа. Энэ завшааныг ашиглаад багшдаа баярлаж явдгаа хэлмээр байна.