Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.02.16 16:07
2524
Гадны хэвлэлд Монгол улсыг "Асар их нөөц бололцоотой, хөгжиж буй, эдийн засгийн тоглогч орон" хэмээн онцолжээ

Монгол улсын тухай "ТHE TELEGRAPH" хэвлэлд онцолжээ. 

Дан ганц алтны ордууд бус дэд бүтэц, боловсрол, санхүү, ногоон эрчим хүч зэрэг таатай боломжоор дүүрэн байна. 

Хэн нэгнээс Монгол гэвэл таны санаанд юу орж байна вэ гэж асуувал олон зууны турш өөрчлөгдөөгүй нүүдэлчин ахуй, төв Азийн өргөн уудам газар нутагтай орон гэж хариулах байх. Гэхдээ зарим нь орчин үеийн эдийн засгийн асуудлаас хол тусгаарлагдсан орон ч гэж хариулж магад.

Энэ нь ч үнэний хувьтай юм. 1 майл квадратад 6 хүн оногддог учир Монгол нь хамгийн нягтаршил багатай улс. Газар нутгаараа 18-т эрэмбэлэгддэг тус улс нь 3.3 сая хүн амтай бөгөөд бараг тэн хагас нь нийслэл хотдоо оршин суудаг. Харин нийт хүн амын 1/3 нь нүүдэлчин, хагас нүүдлийн хэв маягтай амьдардаг. Гэвч 2011 онд Ситибанкны эдийн засагчдын гаргасан тайланд "дэлхийн өсөлтийн үүсгүүр" гэж нэрлэгдсэнээс хойш дэлхий дахин Монголыг бараг ашиглагдаагүй, шинээр гарч ирж буй асар их нөөц бололцоотой эдийн засгийн хүчирхэг гүрэн гэж харж байна.

Үндсэндээ Монгол улсын нөөц бололцоо нь байгалийн баялагтаа оршдог ч хоёрдогч, гуравдагч худалдаа, хөрөнгө оруулалтын боломжоор дүүрэн улс юм. 6000 орчим ашигт малтмалын ордтой гэж тооцвол Монгол улсын экспортын 84%, ДНБ-ий 25%-г уул уурхай дангаараа бүрдүүлэх нь тийм ч гайхмаар баримт биш. Дээр нь тус улсын газар нутгийн дөрөвний нэг орчимд нь л зохих судалгаа хийсэн гэх тооцоо бий.

Мэргэжилтнүүд Монголыг 1-3 их наяд ам.долларын түүхий эдийн баялаг нөөцтэй гэж таамаглаж буй. Энэ нь тухайлбал, маркшейдер, олборлолт, цэвэршүүлэх, судалгааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс, тоног төхөөрөмж, машин нийлүүлэгчдийн хувьд олон боломжуудыг нээж өгч байна. Шинэлэг, байгальд ээлтэй уул уурхайн техник тоног төхөөрөмж ашиглаж эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн уул уурхайг эрэлхийлэх нь хэн хэндээ ашигтай юм.

Түүхий эдээ дэлхийн зах зээлд гаргахад тээвэр ложистикийн асуудал Монголчуудад тулгарч байна. Энэ утгаараа төмөр зам, түүнтэй холбоотой салбарууд тус улсын хувьд ойрын ирээдүйд тэргүүлэх чиглэл байхаар байна. Далайд гарцгүй, нисэх онгоцны цөөн буудалтай учир өнөөдрийн байдлаар тус улс авто болон төмөр замын ачаа тээврийн холболтоос ихээхэн хамааралтай байна.

Үүн дээр уул уурхайн салбарын тэлэлт нь шинэчлэх шаардлагатай байгаа эрчим хүчний сүлжээнд улам их ачаалал нэмэхээр байна. Монгол Улс нэг хүнд ногдох нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хамгийн өндөр чадамжтай орон гэж үнэлэгддэг.  Өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлагын дагуу тус улсын Засгийн газар ч сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг судлахаар зорьж байна. Монгол Улс 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлэх зорилт тавьжээ.

Байгалийн баялаг, нөөц боломж ихтэй тус улсад хэд хэдэн уул уурхайн компани IPO хийхээр идэвхтэй судалж байгаагаас гадна Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв барих хөтөлбөр хэрэгжиж байна. Их Британийн банкууд, томоохон фирмүүд болон холбогдох санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн туршлага тус улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байж болох юм.

Монгол Улсын эдийн засгийн боломжуудтай уялдан боловсролын салбарт тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлага байгааг онцлох хэрэгтэй. Тус улсын анхан болон дунд шатны боловсролын чанар харьцангуй тогтвортой ч1993-2010 онд бакалаврын оюутнуудын тоо зургаа дахин нэмэгдэж, их дээд сургуулиудын тоо ч мөн өсчээ.

Багш бэлтгэх, алслагдсан хүн амд боловсролын үйлчилгээг тэгш хүртээх, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна. Томоохон корпорациуд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, тодорхой чиглэлийн мэргэжлийн сургалтыг дэмжиж ирсэн бөгөөд энэ нь уул уурхай, дэд бүтцийн салбарыг мэргэшсэн боловсон хүчнээр хангахад чухал хувь нэмэр оруулж иржээ. Инженерчлэл, хэмжилт судалгаа, нийтийн аж ахуйн менежмент, хот төлөвлөлт зэрэг салбарууд ойрын жилүүдэд хөгжих сонирхолтой салбарууд юм.

Түүхий эдээс эхлээд хот байгуулалт хүртэл Монгол Улсад асар их нөөц бололцоо бий бөгөөд энэ нь дараагийн амжилтын түүхийг нээж, түүний нэг хэсэг болохыг эрэлхийлж буй Британийн бизнес эрхлэгчдэд өргөн боломж болж байна" хэмээн онцолжээ.