Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх талаар УБЕГ-аас мэдээллээ.
Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар тамга даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай байх аж.
Манай улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын/ИКАО/ нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад, нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болж байна.
"Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.
Хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх"-ыг албаныхан зөвлөж байна.
Захиалахдаа дараах нэгжүүдээс авах боломжтой. Үүнд:
- Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
- Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/