Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.28 09:14
15310
Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй барилга хэд байна вэ

o

Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй барилга хэд байна вэ?

Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр 17 мянган хүн амиа алдсанаас үүдэн барилгын стандартыг маш нарийвчлан тогтоож байв. Гэвч 2018 онд шинэчлэн баталсан стандарт өмнөх стандартын хатуу заалтуудыг сулруулсан байна. Үүнээс шалтгаалан Туркийн инженер, архитекторуудын нэгдсэн танхимын мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлтөд 75 мянга гаруй барилга өртжээ. Эдгээр нь чанаргүй материал ашиглан газар хөдлөлтөд тэсвэргүй хэврэг барилга барьсантай шууд холбоотой. Харамсалтай байгаа хэдий ч ганцхан энэ жишээнээс аваад үзэхэд Монгол улсад 7,8 магнутын газар хөдлөлт болоход ямар хэмжээний гамшиг нүүрлэх нь төсөөлөхөд бэрх.

Учир нь Монгол улсад барилгын салбарын бүхий л шат дамжлага бүр дээр авлигал нүүрлэж тэр хэрээрээ чанаргүй барилга борооны дараах мөөг шиг олширсон. Тиймдээ ч нийслэл хотын хэмжээнд 5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна гэдгийг салбарын сайд нь өөрийн амаар хэлээд авлаа.

Цаашлаад эдгээр барилгуудыг хоёрдугаар сардаа багтаан үзлэгт хамруулж 4-5 сард газар хөдлөлттэй холбоотой судалгаа хийх шийдвэрийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-нд гаргажээ. Ингээд бодохоор хүчтэй газар хөдлөлт болоход ямар хэмжээний гамшиг нүүрлэх нь тодорхой харагдаж байна.

Паспортгүй 5800 барилгын цаана паспорттай ч стандартын шаардлага хангаагүй хэчнээн барилга байгууламж байгаа бол...

Монгол Улсын хууль дүрэм, стандартын дагуу барилгууд 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх ёстой.

Гэвч бодит байдал дээр энэ хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэнэ гэхэд эргэлзээтэй... Туркын газар хөдлөлтөд барилгачдын холбооны байр тэсэж үлдсэн талаар цахим орчноор шуугиж эхлэв. Харин Монголын барилгачдын холбооны байр ямар дүр зурагтай байгаагаас нийт барилга байгууламжийн чанар, стандартыг харж болох юм.

Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй барилга хэд байна вэ? 

Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал 22-48 хувь, гэр хороололд 81 хувь хүртэл гэж үнэлсэн байдаг.

Төлөвлөлтгүй, тооцоололгүй барилга байгууламж, хүн амын хэт их нягтаршлаар хүрээгээ тэлсэн нийслэл хот сая гаруй хүн амтай. Гэтэл сая гаруй хүн амьдарч байгаа нийслэл хотын 5800 барилга паспортгүй... Турк улс шиг хүчтэй газар хөдлөлт болоход бидний тэсэн үлдэх чадвар, баталгаа хэр вэ?

Газар хөдлөлт, далайн шуурга, үер, хөрсний нуралтаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн амь насаа алдаж байна. Турк болон Сирийн газар нутагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 50.000-д хүрчээ. 

81 сая гаруй хүн амтай Турк улсад газар хөдлөлт болоход ийм хэмжээний хохирол амсаж байгаа бол гуравхан сая хүн амтай манай улсад амьд хүн үлдэхэд хэцүү. Манай улсад  газар, барилгын зөвшөөрөл олгохоосоо эхлээд танил тал, авлигаар шийдэгддэг. Төсөвлөсөн мөнгөнөөсөө гэдсээ цатгаж аваад хамгийн хямд, чанаргүй материалаар барилга, байгууламжаа барих тохиолдол элбэг. Үүний цаана хэдэн мянган хүний амь нас, эд хөрөнгө яригдаж байна.