Улс төр
2023.03.02 11:56
4265
Д.Бат-Эрдэнийн балгаар 12 хүнд эрүү үүсгэж, 62 гаалийн байцаагчийг шалгаж байна

АТГ-аас 6 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол УИХ-ын гишүүн Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнийг орхисонд олон нийт бухимдаж байна.

Учир нь нүүрсний загалмайлсан эцэг хэмээгддэг түүнийг ингэж орхигдуулж байгаа нь цаанаа улс төрийн тохироо явагдсан уу гэх хардлага байна. Учир нь Д.Бат-Эрдэнийн хувьд Ардчилсан нам, Монгол ардын нам гэлтгүй сонгуулийн үеэр санхүүжилт өгдөг байсан гэлцдэг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл олон жил бугшсан түүнтэй холбоотой хууль бус үйлдлүүд илчлэгдээгүй удсан гэх. Харин энэ удаагийн соёлын довтолгоон гэдэг шиг нүүрсний хулгайн их үймээнээр түүний хууль бус үйлдлүүд илэрч түүний заавраар ажиллаж байсан 12 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, 62 гаалийн байцаагчийг шалгаж эхэллээ.

Тухайлбал Тавантолгой ХК-ын гүйцэтгэх захирал асан Р.Сэддорж, Тавантолгой ХК-ын ТУЗ-ын дарга Б.Түвшинбаяр, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг тэргүүтэй 12 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг /Хөрөнгө завших/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.Мөн гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтын үеэр хэд хэдэн ноцтой асуудал гарсан бөгөөд Гашуун сухайт хилийн боомтоор ачаагүй хоосон гарсан гэж бүртгүүлсэн 320 аж ахуй нэгжийн 7403 тээврийн хэрэгсэл нийт 31640 удаа гарсан нь тогтоогдсон байна.

Тиймээс гаалийн байгууллагын 62 байцаагчийг шалгаж эхэлжээ. Ийнхүү орон нутгийн Тавантолгой ХК-ын 19,7 хувийг эзэмшигч Ажнай группийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн балгаар түүний эргэн тойрны буюу түүнтэй хамт олон жил хамтран ажилласан 12 хүнд эрүүгийн хэрэг үүсгэлээ. Харин АТГ дээр эрүү үүсгэгдсэн 6 гишүүний дунд Д.Бат-Эрдэнэ “багтсангүй”  нь хачирхалтай.