Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2023.03.02 17:14
5917
Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг хилээр гарахыг хориглов

Нийслэлийн Прокурорын газраас Б.Батбаяр нарын нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 1741000380228 дугаартай /Хөгжлийн банкны/ хэргийн шүүгдэгчдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн.

Гэвч - шүүгдэгч Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар нь гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа,  

  • - шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын зүгээс өөр шүүх хуралдаан давхацсан,
  • - шүүгдэгч О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа гэх,
  • - шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас,
  • - шүүгдэгч Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Уг шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс  урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч, үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээв.

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтов.

Түүнчлэн хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаанд дуудан оролцуулах гэрч, шинжээчийн талаарх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Мөн "Шүүх дээр хянагдаж байгаа энэ хэргийн асуудлаар зарим улс төрийн хүчний зүгээс тухайн хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай байдлаар явуулж шүүгдэгчдэд ял завшуулах, эсхүл хэлмэгдүүлэх гэж байна гэх агуулга бүхий улс төржсөн мэдэгдэл гаргасан явдлыг шүүхийн зүгээс хариуцлагатайгаар няцааж байна" гэв.

Учир нь шүүх хуралдаан бүхэлдээ хаалттай горимоор явагдахгүй бөгөөд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдаан нээлттэй явагдах аж.

Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ