Нийгэм
2023.03.02 17:28
2346
Аялал жуулчлалаас доллар босгоё

Бидний хувьд валютаа гадагш урсгаж сууснаас олох боломжийг төдийлөн эрэлхийлж байсан удаагүй. Тэгвэл бидэнд энэ боломж одоо ирж байна. Учир нь Монгол улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоо хэд дахин өсөх тооцоо судалгаа байгаа бөгөөд тэр хэрээрээ гадаад валют, тэр дундаа ам долларын урсгал идэвхтэй нэмэгдэнэ. Мэдээж мөнгө эргэлдэж байж эдийн засаг эрчимжинэ, зах зээлийн энэ л дүрмээр бид эдийн засгаа хөгжүүлэх боломжийг алдаж болохгүй юм. Хамгийн гол нь манай орны хувьд олон орны жуулчдыг татахуйц байгалийн үзэсгэлэнт газрууд, дахин давтагдашгүй өвөрмөц ёс заншил гээд олон давуу талтай нэг үгээр хэлбэл байгалийн үзэсгэлэнт газруудын “эрдэнэсийн сан” юм. Тэгэхээр бид зөв бодлого барьж чадвал “зочлох” жилээ үр ашгаар дүүрэн байлгах боломж байна.

         Аялал жуулчлалаа хөгжүүлснээр ажлын байр, мөнгөний урсгал эрчимтэй нэмэгдэнэ

Хэдхэн жилийн өмнө буюу 2019 онд БНХАУ-ын Шиньжянь Уйгарын өөртөө засах орон аялал жуулчлалаа эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсны хүрээнд 32 мянган ажлын байр шинээр бий болгож чадсан түүхтэй. Цаашлаад ганцхан жилийн дотор өмнөхөөсөө 49,6 дахин их жуулчин хүлээн авч байсан удаатай. 

Харин манай улсын хувьд Монголд зочлох жилийг зарласнаар: 2023 онд жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг 2023 онд 1 тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувийг эзлэх, 2024 онд жуулчны тоог 1,6 саяд хүргэж орлогыг 2 тэрбум ам.доллар буюу ДНБ-д эзлэх хувийг 16 хувь, 2025 онд 2 сая жуулчин хүлээн авч 2,5 тэрбум ам.долларын орлого олж, ДНБ-ий 20 хувийг бүрдүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.

          Жуулчдыг татах чиглэлээр авах арга хэмжээ, хөнгөлөлтүүдийг шийдэж чадлаа

Хөгжиж буй улс орнуудад жуулчдыг татах бүтээгдэхүүн контент гаргах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний салбарыг чанаржуулах, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт татах чиглэлээр Монгол Улс анхаарч байгаа билээ.

Монгол Улсад жуулчлахаар ирэх Солонгосын жуулчдыг 2024 оны 12 дугаар сарын 30-ийг хүртэл, мөн 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.

Бид газрын доорх баялгаа экспортолж байж валют олох тухай ярих биш, аялал жуулчлалаа хөгжүүлж байж валютаа даллах хэрэгтэйг дахин сануулъя.