Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.03.03 15:08
6210
Ч.Даваабаяр: Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн хувьсгал болж өргөжнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн  санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Уг зөвлөгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас тодрууллаа. 

Тэрбээр, "Энэ жил ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар ажлуудыг хийх вэ, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ яаж дэмжих вэ гээд бодлого болоод найман сарын хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа дүгэн хэлэлцэж байна. Эхний ээлжид үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжиж байгаа. Энэ жил ойролцоогоор хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүст нэг их наяд төгрөгийн зээл олгоно гэсэн үг.

Мөн төрийн худалдан авалтаар дэмжих бөгөөд МҮХАҮТ дээр төрийн худалдан авалт үндэсний үйлдвэр гэсэн үзэсгэлэн өнөөдөр болж байгаа. Гурван арга хэмжээ гурван газар зэрэг болж байна. Тиймээс төр худалдан авалт дээр дэмжиж байна, бага хүүтэй зээлээр дэмжиж байна. Мөн боловсон хүчний бодлого гэх мэт олон бодлого 36-р тогтоол дээр туссан байгаа. Таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоосоо 100 хувь хангана, цаашлаад экспортлогч орон болно гэсэн томоохон зорилго тавьсан энэ ажил маань өнөөдөр албан ёсоор эхэлж байна гэсэн үг.

Үндэсний хөдөлгөөн маань хувьсгал болж өргөжнө гэсэн үг.

Бид ноднин 21 аймагт болон нийслэлд хүнсний хувьсгалын нээлтүүдийг хийж 2023 онд ямар ямар ажлууд хийх вэ гэдгээ төлөвлөж, 36-р тогтоолоо танилцуулсан. Дөнгөж он гараад үүнийг хэрэгжүүлж байгаа 35 байгууллагын төлөөллүүдээ хүлээж авч уулзсан. Яагаад гэвэл төрийн хүчийг нэгтгэж хүнсний хувьсгалыг хийх том уриан дор энэ ажил явж байгаа.

Энэ бол ямар нэг цаасан дээр гарчихсан бодлого шийдвэр биш, бодитой ажил болж байна гэдгийг өнөөдрийн арга хэмжээ харуулж байгаа гэж бодож байна.