Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.03.03 15:33
5133
У.ХҮРЭЛСҮХ: "Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон" болоход үндэсний үйлдвэрлэгчид онцгой үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд оролцогчдод  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. 

This image has an empty alt attribute; its file name is 022A9224-1024x683.jpg

Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид ээ, 
Эрхэм хүндэт зочид оо, 

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! 

Миний тэргүүлж байсан Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж байсан.

 Мөн түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт төр засгийн байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэддээ уриалан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” арга хэмжээ, үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулж байсан билээ.

 Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээ нь манай үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь манай улсын хүнсний хангамж аюулгүй байдал ямар эрсдэлтэй, ямар эмзэг байгааг монголчууд бидэнд мэдрүүлсэн бөгөөд Монгол Улс “Үйлдвэрлэгч орон” болохын чухлыг дахин сануулж, “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформыг нэн яаралтай эрчимжүүлэхийг анхааруулж байна.

Ялангуяа эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд Монголчууд биднийг хүлээж байна. 

Монгол Улс стратегийн бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй билээ.

 This image has an empty alt attribute; its file name is 022A9196-1024x733.jpg

Төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.

Үндэсний үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар стандартын шаардлага хангахад онцгой анхаарч, төр засаг, түмэн олон нь эх оронч худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих учиртай. 

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна. 

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү. 

Өрх бүлээсээ эхлэн үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болох бодлого, зорилтоо ханган хэрэгжүүлэхэд төр, засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан болон идэвхтэй ажилласан нийт хүмүүст талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье. 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай! 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ