Нийгэм
2023.03.06 19:22
1410
Хүнд даацын шуудай нийлүүлэлтийн 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнд даацын шуудай үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ уул уурхайн болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн салбарууддаа нийлүүлж буй үндэсний үйлдвэрлэгч "Шинэ Гантиг" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сав баглаа боодлын салбарын өнөөгийн нөхцөл байдлын хувьд Монгол улсын хэмжээнд сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байдаг ба 2000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж жилдээ 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийн нийт зах зээлийн 40 орчим хувь юм.

"Шинэ Гантиг" ХХК нь 2016 оноос Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарт уул уурхайн хүнд даацын шуудай үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани нь уул уурхайн хүнд даацын шуудайны зах зээлийн ууган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд уг салбарт байгуулагдсан 2 дахь үндэсний үйлдвэрлэгч юм.

Манай улс нийт хүнд даацын шуудаа үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг дотоодоосоо хангадаг. Тус компанийн хувьд нийлүүлэлтийг 20 гаруй хувийг дангаараа ханган 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн гүйцэтгэх захирал Ж.Цэрэннадмид хэллээ.

Дашрамд дурдахад "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд 2023 онд Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох зээлийн хүүгийн дэмжлэгт 135.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийт 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3-5 хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад олгохоор төлөвлөсөн.