Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.07 10:09
2275
“School police” хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа хэдий ч үүний цаана эрсдэл байсаар байна

“School police” буюу “Сургуулийн цагдаа” хөтөлбөр нь 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд үргэлжилж байгаа юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сургууль орчимд хүүхэд осолд өртөх тохиолдол 60-70% буурсан гэж тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

“School police” хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа хэдий ч үүний цаана эрсдэл байсаар байгаа юм.

“School police” хийж байгаа хүмүүс улаан гэрэл асаж байсан ч хамаагүй машинуудыг зогсоож, хүүхдүүдийг зам гаргадаг. Энэ нь хүүхдүүдэд “Улаан гэрлээр ч зам гарч болно. Энэ машин надад зам тавьж өгөх ёстой” гэсэн сэтгэхүйг суулгаж байх эрсдэлтэй.

Гэрлэн дохиогүй зам дээр зохицуулалт хийж байгаа эцэг эхчүүд хүүхэд ирсэн л бол машинуудыг зогсоодог нь түгжрэл нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Ийм учраас “School police” хийж байгаа эцэг эхчүүд үүргээ ухамсарлан нэг нэгээр нь зам гаргах бус гэрлэн дохионд захирагдан ногоон гэрэл астал сурагчдыг хүлээлгэж, замын хөдөлгөөний дүрмийг ухамсарлуулах хэрэгтэй.

Төлбөртэй “School police” хийдэг хүмүүс хариуцлагатай ажиллаж чаддаг уу...

“School police” хийж байгаа хүмүүст нэг өдрийн цалинтай чөлөө өгнө гэж журамдаа байдаг ч зарим эцэг эхчүүд нэг удаагийн 30-40 мянган төгрөгөөр “School police” хөлсөлдөг. Гэтэл тэдгээр иргэд хариуцлагагүй, хайхрамжгүй хандах тохиолдол элбэг байдаг. Энэ асуудалд Монголын сурагчдын холбооноос анхаарал хандуулж, хяналт тавих хэрэгтэй.