Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Орон нутаг
2023.03.07 14:20
634
Төв аймгийн зон олон алдартнуудын хамт төв түмний золголт хийлээ

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Дүнжингарав дэвжээнээс зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн дээд лигийн “Төв азарганууд” багийн эзэн, “Монгол групп”-ын ерөнхий захирал, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав санаачлан зохион байгуулж санхүүжүүлсэн байна.

Төв нутгийн нэгдсэн золголтын арга хэмжээний хүрээнд тус аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргууддаа хүндэтгэл үзүүлж, улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэжээ.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, Б.Лхагвадорж, аймгийн харцага Г.Мөнхбаяр нар үлдсэн юм.

Мөн энэ барилдаан эхлэхийн өмнө Төв аймгийн сумдын золголт болон өсвөрийн 96 бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус барилдааны том насанд Жаргалант сумын Б.Батжаргал түрүүлж, Жаргалант сумын Б.Лхагважав үзүүрлэн, дунд насанд Баянжаргалан сумын Шинэ-Од түрүүлж, Батсүмбэр сумын Ч.Буянтогтох үзүүрлэн, бага насанд Сэргэлэн сумын Буянравжих түрүүлж, Заамар сумын Н.Соронзонболд үзүүрлэжээ.

Түүнчлэн Төв аймагт үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх, өв уламжлалаа уламжлуулах зорилгоор өсвөрийн барилдаанд зодоглосон 6-18 насны бүх хүүхдүүдэд зодог шуудаг бэлэглэж, алдарт аваргуудынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна.

Төв нутгийнхныг цугларуулсан энэ арга хэмжээг зохион байгуулсан Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээ нь  15 гаруй жилийн түүхтэй бөгөөд Төв аймгийн Баян сумын уугуул ММСУХ-ныТэргүүн дэд ерөнхийлөгч Баасансүрэнгийн Нямжав тэргүүнээр нь ажилладаг юм.

Түүний хувьд Төв нутагтаа эгэлгүй хурдан БОГД ХЭЭР азарганы эзэн гэдгээрээ танигдсан Монгол улсын МАНЛАЙ уяач билээ.