МЭНДЧИЛГЭЭ
Хөх Монголын түүхэнд тод мөрөө тамгалсан эрхэмсэг хатдын үргэлжлэл ээжүүд, бүсгүйчүүд, охид дүү нар Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье.
Эвийн хүчийг сургасан Алунгоо, Эзэн Чингис хааны түшиг Өүлэн эх, сэнтий түшиж, төрийн бэхэлж явсан Бөртэ Үжин, монгол төрийг төвшитгөн үргэлжлүүлэгч Мандухай цэцэн гээд мянга мянган эмэгтэйчүүдийн бахархам түүх өнөөгийн бидний ирээдүйг гэрэлтүүлж байдаг билээ.
Монголын олон мянган бүсгүйчүүд төрийн алба, хувийн хэвшилд амжилт, бүтээлээрээ гайхам түүхийг бүтээж, улсынхаа эдийн засагт хүчин зүтгэсээр байгаа.
Хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо хангалтгүй атлаа хувийн хэвшил, бизнесийн салбарт тэд цаг ямагт манлайлагч, ажил олгогчид байсаар иржээ.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төрийн бүх шатанд эмэгтэйчүүдийн эрхийг хангах, Монголын баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн хийж бүтээж буй бүхэн дэлхийн зах зээлд гарах ёстой гэсэн үзэл санааг баримталж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр чамгүй ажил хийж байв.
Энэ үзэл санаандаа өнөө хүртэл тууштай байж, баялаг бүтээгч эмэгтэйчүүдээ дэмжин, төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг хүчирхэг байлгах талаар анхаарсаар буйгаа дуулгая.
Монголын ардчиллын туг болон намирч, ардчилал хүний эрхийн төлөө, алдагдаж буй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө дуугарч буй эмэгтэйчүүд та бүхнийг миний бие улстөрчийн хувьд болон хувь хүний зүгээс цаг ямагт дэмжих болно.
Эмэгтэйчүүд та бүхний өрх гэртээ болон улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр өдөр өдрөөс өсөн нэмэгдэж, төрийн үйл хэргийг илүү уян хатан, ухааны цараатай, өргөн хэмжээнд харж залж буй их ухааныг тань хүндлэн 49 дэх жилдээ албан ёсоор тэмдэглэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тань хүндэтгэл болгон “Ардчилал” сонины тусгай дугаараар мэндчилгээ илгээж буйг хүлээн авна уу.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, МоАХ-ны дарга Х.Баттулга