Баялаг бүтээгч
2023.03.09 15:51
5371
“Мөнхийн болор”, “Гэгээ фүүдс” компаниуд “Хүнсний хувьсгал”-д нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 87 дахь үйлдвэртээ ажиллаж, санал хүсэлтийг нь сонслоо.

  • Чанарыг эрхэмлэгч “Мөнхийн болор” компани

"Мөнхийн болор" ХХК нь 2003 оноос эхлэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар өөрийн үйлдвэрийн байртай болж, өдөрт 30 төрлийн 10-15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 50 орчим хүнийг ажлын байраар хангадаг.

"Мөнхийн болор" компани алтан салями, сэрвэлат, өөхт гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ бусад адил төрлийн үйлдвэр эрхлэгчдээс ялгардаг.

Тус компани дээд зэргийн амт, чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилго болгодог. Энэ хүрээнд ОХУ, ГБНГУ-ын мэргэжилтэн урьж авчран туршлага солилцож, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна.

  • Харилцагчдынхаа найдвартай ар тал “Болор импекс” ХХК

"Болор импекс" ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Катеринг"-ийн цогц үйлчилгээг дэлхийн стандартын дагуу, өндөр түвшинд үзүүлдэг.

Тус хамт олон "Ажлаа та, үйлчилгээг бид" уриан дор ажиллаж, харилцагчдынхаа найдвартай ар тал нь байж, тэдэнд бизнестээ анхаарлаа хандуулж, бусад асуудалд санаа зовохгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг.

  • Шавхагддаг биш төлждөг баялгийг монгол хүн бүрт хүргэх “Гэгээ фүүдс” ХХК

Гэгээ Фүүдс ХХК нь 2015 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр эх орны органик хүнсийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэхээр үүсгэн байгуулагдсан. Үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмж нь монгол хүний гараар бүтэж, өдөрт 2-3 тонн давс үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал"-ыг эхлүүлэх үедээ" Монголчууд давсаа хүртэл айлаас гуйж амьдарч байна" хэмээн онцолж байсан. Тодруулбал бид нийт давсны хэрэглээнийхээ 10 гаруй хувийг л дотооддоо хангаж байгаа бөгөөд энэ салбарын үйлдвэрлэгчдэд төрийн бодит дэмжлэг, туслалцаа нэн шаардлагатай байгааг тус хамт олон хөндлөө.

"Гэгээ фүүдс" ХХК дотоодын давсны хэрэгцээний 20 хувийг хангадаг болох зорилготой бөгөөд "Шимтэй Монгол хоол", "Монгол" нэрийн борцтой хийцтэй цайг үйлдвэрлэн бэлэн хоолны зах зээлд өрсөлдөж байна. Хэдий шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулан сурталчилж амжаагүй ч, хэрэглэгчдийн таашаалд нийцэж чаджээ.

Үндэсний үйлдвэрлэгчид бүр тодорхой тулгамдсан асуудлыг туулж байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн талаар буруу ташаа мэдээлэл их гардаг нь борлуулалтад сөрөг нөлөө үзүүлж, олон хүнийг ажлын байраа алдахад хүргэж байна. Иймд үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, соён гэгээрүүлэх ажилд анхаарах шаардлагатай гэв.

Мөн баялаг бүтээгчдэд зориулсан зээл, тусламж олгодог ч гэсэн сонгон шалгаруулалтын шударга бус байдал, хахууль нэхэх зэрэг олон бэрхшээл тулгарч бодит эзэндээ хүрдэггүй байсныг санууллаа.