Гэр бүлийн хүчирхийлэл гэж ураг төрөл, сэтгэл зүй, санхүүгийн холбоотой хүний зүгээс гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамаарал бүхий бусад хүмүүст хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдүүд өртөх тохиолдол эрс нэмэгдэх болжээ. Гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө байгууллагууд юу хийж байна вэ? Араатан мэт авир гаргасан хойд эцэг, эхэд хяналт тавьж наад захын судалгааг явуулж бяцхан үрсэд анхаарал тавьж чадаж байна уу? гэдэг асуудал бүх шатны хүүхдийн төлөө байгууллагууд дээр хөндөгдөж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 20.1.Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.
20.2.Хамтарсан баг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.2.1.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;
20.2.2.хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх гэж заасан байдаг.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатайгаар үйлдэгддэг бөгөөд дараах хэлбэртэй байна.
-Бие махбодын хүчирхийлэл
-Сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл
-Хүүхдийг үл хайхрах
-Бэлгийн хүчирхийлэл
2023 оны гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гуравхан настай бяцхан хүү хойд эцэгтээ эцэтлээ зодуулж эмнэлгийн орон дээр амь тэмцэн аврал эрж байна.
ГССҮТ: Хүүгийн хувьд хавсарсан хүнд гэмтэлтэй, тархины гэмтэлтэй, бүтэн биеийн няцралттай, сээр нурууны 4-р нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай маш хүнд байна. Цаашид хүүгийн тавиланг тааж мэдэхгүй, маш хүнд байна гэсэн юм.
Цагдаа: Хүүг зодсон хойд эцэг болох Б нь хүүг зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэсэн юм.
Харгис хэрцгийгээр гуравхан настай бяцхан хүүг тарчлаан зовоосон адгуус мэт авир гаргасан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ? хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд сэтгэл санааны дарамтад орж, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг таашгүй. Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн гаргаж байгаа адгууснаас дор ааш авирыг хэрхэн “хазаарлах” талаар олон удаа ярьж, тодорхой шийдвэрүүдийг гаргадаг ч үр дүнд хүрэхгүй байгааг энэ удаагийн нөхцөл байдал тодоос тод харуулж байна.