Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Нийгэм
2023.03.13 07:57
2013
Монгол улсад цаазын ял байх хэрэгтэй юу?

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн аймшигт гэмт хэрэг шил шилээ даран бүртгэгдсээр байна. 


Гуравдугаар сарын 6-7 нд шилжих шөнө гурван настай хүүг хойд эцэг нь ухаангүй болтол нь зодож, хүчирхийлсэн хэрэг бүртгэгдэв.

Хүүгийн биеийн байдал маш хүнд, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд “Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй” гэсэн онош гарсан тул Э-г “хүчиндэх” зүйл ангиар шалгаж байгаа аж. 
Санаанд ч багтамгүй харгис, хүчирхийллийн хэргүүд гарч, хэсэг шуугиад л намждаг болсон нь энэ нийгмийн хамгийн том асуудал... 


2018 оны гуравдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  ой найман сартай хүүг зочид буудалд хүчирхийлүүлсэн хэрэг гарч байв.

Энэ мэт аймшигт хэргүүдийн золиос бяцхан зүрх болж байгаа нь юутай гаслантай!

Хорвоо ертөнцтэй бүрэн танилцаж амжаагүй хамгийн гэгээлэг нүд айдаст автан, нулимсаар дүүрч, аврал эрэн уйлахад бид юу хийж чадаж байна вэ? Хүн дүрст араатнуудад ямар шийтгэл оноогдож байна...

Монгол улсад цаазын ял байх хэрэгтэй юу?

Хэдийгээр цаазын ял нь хүмүүнлэг бус үйлдэл гэгдэж байгаа ч сүүн шүд нь гүйцэт ургаж амжаагүй, сүүнийх нь үнэр ч гүйцэт арилаагүй бяцхан хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг өмөөрөх арга даанч алга. 


Монгол Улсад 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Гэхдээ энэ ял зайлшгүй байх ёстой гэж үзсэн тул удаа дараа сэргээсээр 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар цаазаар авах ялыг түдгэлзүүлж байв.

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн бол цаазын ял оноодог байжээ

Хэрвээ цаазын ял хэвээр байсан бол тус хуулийн 126.3-т зааснаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн этгээдэд 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ял оноох байж. Харин одоо тэд ямар шийтгэл эдэлж байна...

Хүн хэзээ ч санамсаргүй хүчин хийдэггүй.

Хүүхэд хүчиндсэн хүн дүрст араатнуудыг татварын мөнгөөр 25 жил тэжээх нь хэтэрхий шударга бус хэрэг. 
Тэдний дур хүслийн золиос болсон бяцхан үрсийн  амьдралд хэзээ ч арилахгүй хар толбо сууж бие махбод болон сэтгэл санааны хувьд амьдын тамд унаж, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Энэ хүүхдэд ээлтэй нийгэм мөн үү? 

Монгол улсад цаазын ял байх хэрэгтэй юу...