Оюу толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлж Монгол улс “Зэсийн” гол өрсөлдөгч улсын нэг болно. Алдаа оноог дэнслүүлж өнөөдрийг хүртэл явсан төсөл ийнхүү биеллээ олж Монголчууд дэлхийд “Дөрөвт” эрэмбэлэгдэх Зэсийн гүний уурхай тасралтгүй олборлолтоо хийж эхлэх түүхэн өдөр болж байна.
Оюу толгой нь Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд 34 хувийг Монголын Засгийн газрыг төлөөлөн Эрдэнэс Оюу Толгой компани, 66 хувийг Рио Тинто групп эзэмшдэг. Рио Тинто нь 2022 оны нэгдүгээр сард Монгол Улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх амлалтаа биелүүлж цаашид Монгол Улсыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч болгох эхлэлийг тавьж байна.
Мөн Рио Тинто групп Туркойз Хилл Ресурсийн үлдсэн хувийг худалдан авснаар эзэмшил, засаглалын илүү энгийн бүтэцтэйгээр төслийг урагшлуулах боломж бүрэлдсэн юм.
Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт "блокчлон олборлох" аргачлалаар эхлүүллээ.
Ингэснээр Оюу толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм. Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд аажмаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй.
Оюу толгой нь хэрэгжих хугацаандаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой төсөл юм.