Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.13 13:21
13128
Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм: Дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчиддээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно

"Оюу Толгой"-н Гүний олборлолт өнөөдөр эхэлж байна. Нээлтийн үеэр Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үг хэллээ.

Тэрээр: "Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа - манай баг, хамт олонд хайрласан урмын үгт тань баярлалаа. Өнөөдрийн энэ Үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон Таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье.
Хатагтай, ноёд оо - хоёр жилийн өмнө Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюу Толгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа. Манай Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй.
 
Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биеэ түших итгэлцэл юм.
Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө Тантай уулзсанаас хойш Рио Тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Өнөөдөр тэмдэглэж буй чухал мөчийн өмнө ирэхэд бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй, замд хөндөлсөх сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэхдээ энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна. Ийнхүү урагшлахдаа өнгөрсөн хугацаанд хүрсэн хамтын амжилт, бүтээлээ мартаж боломгүй.
Оюу толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм.
Оюу Толгойн ажилчид шат бүхэндээ өндөр технологи ашиглан, бүтээмжээрээ түүчээлж дэлхийн хамгийн орчин үеийн уурхайг байгуулахдаа хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй материалыг дэвшилтэт аргаар үйлдвэрлэхийг үргэлж зорьдог.
Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан билээ.
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбен төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бурийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.
10 гаруй жилийн турш Оюу Толгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч Та бүхэнд мөн талархал илэрхийлье. Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд Та бүхэндээ мөн баярлалаа.
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрс төрөгчийн Ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно.
Энэ нь Рио Тинтогийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм.
Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна. Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй.
Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно. Монгол улс цаашид тогтвортой, бүх хүнд тэгш боломж олгох хөгжлийг товхинуулах хязгааргүй чадвартай гэдэгт би эргэлздэггүй. Оюу Толгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байрыг бий болгож чадна.
Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна. Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний Хамтын ирээдүйн суурь билээ.
Хатагтай, ноёд оо, Аян замын нөхөр байж, хамтын түүхийг бичилцэж буй Та бүхэнд баярлалаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: