Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.13 17:02
842
Б.Жавхлан: Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалттай

Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлалаа. 

Жилийн өмнө Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж байлаа.

Оюу Толгойн ордын нөөцийн 80 хувь нь гүний уурхайн хэсэгт оршдог. Тэгвэл өнөөдөр Оюу Толгой нь зэсийн баяжмалын ил уурхайн хүдэр дээр газрын гүний 1300 метрээс олборлосон хүдрийг нэмж ашиглах боломж бүрдэж байна.

Оюу Толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалттай бөгөөд бүрэн ашиглалтад орсноор манай улс олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэг болж, эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа 3 дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлох юм. 

2022 оны тухайд Оюу Толгой компани 1.4 тэрбум долларын борлуулалт, 200 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.ОюуТолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулаад байгаа. 
Оюу Толгойд одоо 20 000 хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь манай Монгол ажилчид байна.