Нийгэм
2023.03.14 08:53
2508
''Сахал'' Д.Эрдэнэбилэгийн уул уурхайн компанид хууль зөрчин лиценз олгожээ

       Худалдаа хөгжлийн банкны эзэн (олны мэддэгээр “Сахал” хэмээх) Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг уул уурхайн компанид хууль зөрчин лиценз олгожээ.

Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг “Аурум металс” ХХК-д 2015 онд алт, зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчин усны сан бүхий газар, улсын отрын бүс тусгай хэрэгцээний газартай давхцуулж, иргэдийн саналыг авалгүйгээр олгожээ.

Д.Эрдэнэбилэг нар 2015 оны 3 сард уг ашиглалтын лицензийг авсан даруйдаа 4 сард нь

Улаанбаатар хотын банканд 16.0 сая, 2017 онд Худалдаа хөгжлийн банканд 26.0 сая ам.доллар /90.0 тэрбум төгрөг/-ын зээлийн барьцаанд тавьж, уурхайн хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр өөрөө өөртөө зээл олгосон аж.

Тус лицензийн талбайд ямар нэгэн уурхайн үйл ажиллагаа явуулаагүй нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө угаасан гэмт хэрэг байх үндэслэлтэй юм.

        Түүнчлэн уг ордын нөөцийг тодорхойлохдоо 2013 онд зөвхөн ганцхан цэгт 3 өрөмдлөг хийснээр тогтоосон гэх бөгөөд уг тайлангаа Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан нь уг лицензийг мөнгө угаах хэрэгсэл болгох зорилгоор Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг хуурамчаар нэмэгдүүлэн, улсыг залилан мэхэлсэн байж болзошгүй юм.

        Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн /2023.03.13/-ий өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид иргэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанканд гомдол гаргаж, Д.Эрдэнэбилэг нар болон төрийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар өгч байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм.

        Энэ мэтчилэн эмх замбараагүй, хууль бусаар олгогдсон уул уурхайн лицензийн балгаар өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаараа өвлүүлсэн эх нутаг, газар шороо луйварчдын мөнгө угаах хулгайн гараар орж, улс даяар малчин иргэд мал маллан амьдрах боломжгүй болоход хүрч байгаа харамсмаар хэрэг.