Улс төр
2023.03.20 13:49
3229
Дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах Хөгжлийн банкнаас 8,2 тэрбумын зээл авч, зээлийн гэрээгээ зөрчин 2,5 тэрбумыг хадгаламжинд хийжээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр, хэрэгжилт, үр дүн зээл олголтыг тодруулах хянан шалгах хорооноос өнгөрсөн 7 хоногт гуравдахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Сонсголын сүүлийн өдөр хөдөө аж ахуй, ноос ноолуур, сүү, хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр түүнтэй холбоотой зээлийн асуудлыг тусгасан юм. Нэг үгээр хэлбэл нийгэм тэр аяараа харж байгаачлан эрх мэдэлтэй албан тушаалтан аль эсвэл нэр хүндтэй бизнес эрхлэгч нар энэ зээлд хамрагдаж тэр хэрээрээ зээлийн гэрээ зөрчсөн, хувьдаа ашигласан, өөр төсөлд хөрөнгө оруулсан асуудлууд ихээр гарч байна.

Хэлэлцүүлгийн гуравдахь шатны сонсголд яригдсан нэг аж ахуй нэгж бол “Грийн Сити Гарден” ххк-ын зээлийн мэдээлэл юм. Энэ компани нь хүлэмжийн чиглэлээр буюу өвлийн хүлэмж байгуулах нэрийдлээр Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 8,2 тэрбумын зээл авсан боловч 2,5 тэрбумыг зээлийн гэрээгээ зөрчин хадгаламжинд хийсэн нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан, гүйцэтгэх захирал нь Ж.Эрхэмбаяр юм. Ж.Эрхэмбаярын хувьд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах бөгөөд тус компани зээлийн гэрээ зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээх нөхцөл байдал үүссэн гэдгийг сонсголын үеэр шинжээчид дурдсан юм.