Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан" Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр монголын анхны Махны чиглэлийн "Оргио" тахианы аж ахуйн цогцолборт ажиллалаа.
"Ажигана" ХХК нь 2013 оноос 100 хувь дотоодын, өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, Монголдоо анхны Махны чиглэлийн "Оргио" тахианы аж ахуйн цогцолборыг Улаанбаатар хотоос 28 км зайд орших Налайх дүүрэгт байгуулжээ. Энэхүү цогцолбор нь Голландын Росс-308 үүлдрийн махны чиглэлийн бройлерийн тахиа үржүүлж, жилд 1 сая орчим тахиа нядалж боловсруулах хүчин чадалтай эрчимжсэн шувууны аж ахуй юм.
"Ажигана" ХХК нь нийт 270 гаруй ажилтантай бөгөөд зөвхөн Налайх дүүргээс гэхэд 120 ажилтныг "Оргио" цогцолбор болон бусад салбартаа ажлын байраар хангаж байна.
"Ажигана" ХХК нь өөрийн "Оргио" брэндийн тахианы мах, махан бүтээгдэхүүнийг MNS 0703:2014 "Тахианы хэсэглэж ангилсан мах. Ерөнхий техникийн шаардлага" үндэсний стандартын дагуу 8 нэр төрлөөр бэлтгэж, дотоодын зах зээл дээр гаргаж байгаа нь хэрэглэгчдийн танил брэнд болж чадсан байна.
Эх сүргийн аж ахуй: Махны чиглэлийн Германы EW group-ийн Арбор Акрес тахиаг үржүүлэх, удмын санг тогтвортой хөгжүүлэх, махны гарц ба чанарыг сайжруулах зорилготой аж ахуй юм.
Мөн "Оргио" брэндийн 50 гаруй нэр төрлийн тахианы махан хиам, зайдас, элэгний нухаш, бууз банш гэх зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, "Оргио Китчен" брэндийн сүлжээ рестораныг байгуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг Монголдоо өсгөсөн тахианы мах, махан бүтээгдэхүүнээр хангаж байна.
Ковид цар тахлын нөлөөгөөр олон аж ахуй нэгжид үүссэн хүндрэл бэрхшээл нь тус үйлдвэрийг тойрч өнгөрөөгүй. Гэсэн хэдий ч тус хамт олон үйл ажиллагаагаа бүрэн сэргээх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Төрийн тэргүүний санаачилсан Хүнсний хувьсгал хөдөлгөөн нь цаг үеэ олсон зөв шийдвэр юм. Салбарын хүрээнд хуучирсан, удсан тахианы махыг стандартын бус тээврийн хэрэгслээр (хөргүүргүй гэх мэт) бөөндөж оруулж ирж, чанарынстандарт хангаагүй орчинд жижиглэн савлаж, хямд зарж байгааг зогсоож Хүнсний хуулийн хэрэгжилтийг хангуулах, ард түмний эрүүл мэндийг хамгаалахад онгой анхаарал хэрэгтэй гэдгийг үйлдвэрийн зүгээс хэллээ.