m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.04 12:00
458
Б.Цогтбаатар: Анх тайлбарлаж байсан 1991 оны наадам мартагддаггүй

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатарыг энэ удаагийн "Массын зочин" буландаа урьж, сонирхолтой яриа өрнүүллээ.

-Сайн байна уу.  Яриагаа таны төрж, өссөн нутаг, аав ээжийн талаар эхэлбэл ямар вэ?

-Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрж, өссөн. Ээж маань Богд сумын уугуул сэхээтэн хүн. Ахыгаа дагаж  Хайрхандулаан суманд ажиллаж байхдаа намайг  төрүүлж тэндээ айлд өргүүлсэн юм.  Өргөж авсан аав, ээж минь харин жирийн малчин улс. Хөдөөгийн хүүхдүүдийн адилаар л хонь хурга, үхэр тугал хариулж өссөн тийм хүн дээ.

-Бөх тайлбарлагч болохыг багаасаа хүсдэг байсан уу?

-Монгол үндэсний бөхийг Монголын ард түмэн маань бүгдээрээ л сонирхдог, шимтэн үздэг топ спорт, үндэсний өв соёл л доо. Тиймээс ч би багаасаа бөх сонирхсон, аав минь ч бөхөд дуртай, барилдааныг радиогоор сонсож, сонин хэвлэлээс уншсанаараа тэмдэглэл хөтөлдөг хүн байсан. Тэр нь надад их нөлөөлсөн байх. Би чинь дөнгөж бичиг үсэг сурч, сонин уншдаг болонгуутаа л наадмын сонин, “Үнэн” сонин дээр гарсан бөхийн тухай хайчилбарыг цуглуулдаг болсон. Цуглуулснаа дахин, дахин уншсаар байгаад цээжилчихдэг байв. Энэ бүхэн л явсаар байгаад бөхтэй холбогдсон доо. Арай том болоод радиогоор наадам сонсдог боллоо. Ц.Бадамсэрээжид багш, Ш.Чанрав, А.Ганбаатар гээд олон сайхан хүний тайлбарыг сонсож, тэдэн шиг бөх тайлбарладаг болох юмсан гэж их боддог байв. Тэдний ярьсан зүйлийг нь бичиж авч цээжлээд эргээд дууриаж уншина. Би чинь айлын эрх хүүхэд учраас аав, ээж энэ сонирхлыг маань их дэмжинэ. Гүүн зэлэн дээр, усанд явахдаа, гэртээ ганцаараа ч хамаагүй яриад л байдаг хүүхэд байсан.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Би аравдугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд шалгалтгүй орсон. Тухайн үедээ зоотехникч, мал зүйчийн ангийн хуваарь авсан юм. Хожим бодож байхад ээж маань зоотехникч мэргэжилтэй хүн байсан юм билээ. Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан нь тэр байж л дээ. Уг нь би зоотехникч болно гэж бодож байгаагүй. Багш нар маань намайг эдийн засагч бол гэж зөвлөдөг байсан. Тэр үеийн эдийн засагч чинь одоогийн менежер гэсэн үг. Энэ мэргэжлээр төгссөн хүн дарга, нягтлан л болдог. Сурлагадаа бол сайн. Аравдугаар ангиа онц төгсөж байсан. Гэм нь их сандардаг. Конкурст орвол сандраад оноо алдаж магадгүй, шууд хуваарь авчих гэж ангийн багш маань хэлэхээр нь “За тэгье” гээд ХААИС-ийн зоо техникчийн ангийн хуваарь авсан. Үүнийгээ буруудсан гэж боддоггүй.

Ингээд сургуулиа төгсөөд сумандаа гурван жил зоотехникчээр ажиллалаа. Гэтэл тухайн үед мал эмнэлэг, зоотехникийн алба зах зээлийн шуурганд өртөж, бараг энэ мэргэжил хэрэггүй юм байна гэх ойлголт нийгэмд төрөх болсон. Одоо бол харин эсрэгээрээ, эргээд сэргэж байх шиг байна. Сум болггонд мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдаад, төсвөөс цалинждаг болж байгаа юм билээ. Монгол улс мал аж ахуйн орон л юм чинь энэ мэргэжил байхаас өөр аргагүй. Би харин тухайн үеийн тэр шуурганд өртөөд 1998 онд ажилгүй болсон. Гэтэл арванхоёрдугаар сард нь Монгол бөхийн өргөө ашиглалтанд орно гээд зарлахаар нь би ажилд орох өргөдөл бичсэн. Одоогийн дарга нар маань үүнийг их сайхан хүлээж авсан. Ингээд л 1998 оны намар хотод орж ирж байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл Монголын үндэсний бөхийн холбоонд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.

-Анх бөх тайлбарлахыг хэнээр заалгасан бэ. Их сандруу хүүхэд байсан гэсэн шүү дээ?

-Хүүхэд байхдаа радиогоор сонсож дууриадаг байсан гэж дээр хэлсэн. Тэгэхээр миний хувьд надаас өмнөх бүх тайлбарлагч багш минь гэж боддог. Ц.Бадамсэрээжид багшийн тайлбарыг би сонсож байсан, Г.Баярцэнгэл гуайг дагаж хэдэн жил бөх тайлбарласан, А.Ганбаатар багшийн хувьд хамгийн анхны албан ёсны шавь нь би шүү дээ. Ш.Чанрав багшийгаа радиогоор сонсдог байсан бол сүүлд хамтдаа МҮОНРТ-д бөх тайлбарлаж байлаа. Ингээд бодохоор би бүх тайлбарлагчтай холбоотой явж ирсэн, тэднийг бүгдийг нь л багшаа гэж хүндэлдэг. Харамсалтай нь тэдний ихэнх нь урт насалсангүй, бурхны оронд заларсан. Хэрвээ амьд сэрүүн байсан бол тэднээсээ илүү ихийг сурах байсан гэж боддог юм.

-Хамгийн анх хэзээ улсын баяр наадам тайлбарласан бэ?

-Анх 1991 онд О.Батмөнх ах бид хоёр бөх тайлбарлагчийн сонгон шалгаруулалтад тэнцэн үнэмлэх аваад Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмыг Монголын радио, Төв цэнгэлдэх хүрээлэн хоёрт тайлбарлаж билээ. Тэр цагаас хойш тасралтгүй бөх тайлбарлаад л явж байна. Одоо бол ахмад үедээ орох болж дээ.

-Ахмад үе боллоо гэснээс залгамж халаагаа хэр бэлдэж байна вэ. Залуучууд бөх тайлбарлагч болъё гэж ирэх нь хэр байна?

-Ер нь бөхийн тайлбар монгол бөхийн нэг салбар, соёл болтлоо хөгжсөн гэж би хувьдаа хэлнэ. Монгол бөхийг тайлбаргүйгээр, тайлбарлагчгүйгээр төсөөлөхөө больсон. Тэгэхээр их хэрэгцээтэй зүйл болж хувирч байгаа юм. Эрэлт хэрэгцээ их байхын хэрээр тайлбарлагчид олширсон. Бөхийн холбооноос ч гэсэн сонгон шалгаруулалт зарлаж байна. Орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл их бий болж, Үндэсний их баяр наадам, Цагаан сарыг гэхэд л маш олон телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байгаа. Тэр болгонд тайлбарлагч хэрэгтэй. Иймээс бөхийн холбоо ч тэр, би ч тэр залгамж халаагаа бэлдэх, олон тайлбарлагч бэлдэх үүрэгтэй юм даа. Энэ чиглэлээр багагүй ажил хийсэн, олон залуу тайлбарлагч гарч ирж байгаа. Миний зүгээс чадах мэдэх юмаа хэлж өгдөг. 

-Бөх тайлбарлахын хамгийн сайхан нь юундаа байдаг бол?

-Бүхэлдээ л сайхан шүү дээ. Миний хувьд багаасаа бөхөд дурласан, бөхийн хамт олон дунд ороод, үзэгч бөхчүүдийг холбодог гүүр нь болж байгаа минь үнэхээр сайхан санагддаг.  Тиймдээ ч бөх тайлбарлагч болсондоо өөрийгөө азтайд тооцож билгэшээдэг юм. Бас хувь хүнийхээ хувьд дэмждэг бөхөө сайн барилдахад урам ордог. Одоо нас яваад ирэхээр уйлмаар ч болдог үе гарч байна.

-Таны  сэтгэлд хамгийн тод дурсамжтай үлдсэн наадам хэдэн оных вэ?

-Наадам болгон л өөрийн гэсэн дурсамжтай, өөрийн гэсэн онцлох зүйлээрээ сэтгэлд үлддэг. Гэхдээ анх тайлбарлаж байсан наадам маань ерөөсөө мартагддаггүй юм. 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн наадам хүн бүрийн сэтгэлд үлдсэн байх. Тэр жил өмнө нь дөрөв түрүүлчихсэн Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлэх нь баараггүй гэж үзэгчид таавар дэвшүүлж байсан. Гэтэл аварга маань шөвгийн дөрөвт унан таавар тэр чигээрээ будилж О.Балжинням аварга түрүүлж, П.Сүхбат гарьд үзүүрлэсэн нь сэтгэлд их тод байдаг юм. 1991 онд сонгон шалгаруулалтад ороод улсын их сорилгын барилдаан тайлбарлаж байсан үеийн бичлэгээ саяхан үзлээ. Одоо бодоход ичмээр дамшиг гэдэг шиг л юм ярьж байсан байна лээ (инээв).

-Сүүлд гарсан шинэ хуулийн талаар таны бодол ямар байна вэ?

-Бөхийн холбооны зүгээс манай дэд тэргүүн Д.Данзан үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Дунд нь нэг цол нэмэгдсэнээр тав түрүүлж байж дархан аварга цолонд хүрэхээр болсон. Ингэснээр үндэсний бөхийн хамгийн дээд цолыг хүртэх бөх байхгүй боллоо гэдэг байр суурийг илэрхийлсэн байна лээ. Үүн дээр би санал нэгдэнэ. Өмнө нь далай, даян, дархан гээд чимэг л байсан. Яваандаа монголчууд дархан буюу дархлагдсан аварга гэдэг утгаар нь илүүтэй хүндэлж ирсэн. Үүнийг орчин үедээ нийцүүлэн шат шатны цол болгоод хэрэглэж байгааг би зөв гэж боддог. Тэр үүднээсээ улсын аварга, даян аварга, далай аварга, дархан аварга гээд ангилалтай байвал болохгүй юм байхгүй. Тиймээс сая орсон өөрчлөлтийг хувь хүнийхээ үүднээс дэмжихгүй байгаа.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний гэр бүлийн хүн надтай нэг нутгийн бүсгүй бий. Бид хоёр бие биенээ багаасаа л мэддэг, нэгнийхээрээ орж гарч байгаад л нэг мэдэхэд ханилсан даа. Хоёр хүүтэй. Хоёулаа оюутан болсон.

-Хоёр хүү нь аавыгаа дагаад их л явдаг байсан байх. Ер нь бөх тайлбарладаг уу?

-Тэр тал дээр ёстой сонирхол багатай юм байна лээ. Хүн хүний сонирхол өөр байх. Хоёр хүү маань бөх мэднэ. Харин над шиг дурлаагүй. Хүн өөрийнхөө дуртай зүйлээр л амжилт гаргадаг болохоор сонгосон мэргэжлээрээ амжилт гаргадаг байх гэж би боддог.  

-Залуучууд сүүлийн үед бөх үзэх нь ихэссэн үү, багассан болов уу?

-Би 1988 онд оюутан болж хотод ирээд бөх үзэж эхэлсэн. Тэр үед настай улсууд, дунд насныхан ихэвчлэн бөх үздэг байлаа. Харин одоо залуучууд, оюутнууд, охидууд маш ихээр үзэж байгаа харагддаг. Тиймээс бөх үздэг хүмүүс нэмэгдсэн, залуужсан гэж хэлнэ дээ.

-Энэ жилийн наадмын өнгө ямар байх бол?

-Хүн чинь байгалиасаа их хамааралтай шүү дээ. Энэ жилийн хувьд зуншлага их сайхан болж байна. Монголчуудын хүсэн хүлээдэг наадам ч хаяанд ирлээ. Зуншлага сайхан байгаа болохоор энэ жил морь хурдан, бөхчүүд ч их хүчтэй байх болов уу.

-Хэн түрүүлэх бол?

-Бөхийн холбоонд ажилладаг, бөх тайлбарладаг хүний хувьд хэн түрүүлэхийг тааварлана гэдэг тийм ч сайн зүйл биш. Гэхдээ энэ тогоонд олон жил чанагдаж, ойр байгаагийн хувьд сүүлийн үед хэний бэлтгэл сайн байна вэ, хэн энэ жилийн турш сайн барилдав гэдэг нь харагддаг л даа. Энэ үүднээс хэд, хэдэн бөхийг нэрлэж болно. Жишээ нь С.Мөнхбат аварга, Г.Эрхэмбаяр аварга тун гайгүй бэлтгэлтэй байгаа учраас шөвгөрч барилдах байх. Арслангуудаас П.Бүрэнтөгсийг нэлээн сайн барилдах байх гэж харж байгаа. Д.Рагчаа, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Гончигдамба гээд хэдэн сайхан  гарьдууд байна. Заануудаас Ч.Санжаадамбыг түрүүлчих байх гэж улсууд их ярьдаг. Харамсалтай нь наадмаар таавар будилуулдаг нөхөр болж хувираад байна. Гэхдээ өөрийнхөө нөөц боломжийг хараад барилдвал түрүүлчихсэн байхыг үгүйсгэх аргагүй тийм сайхан бөх. Одоо аймгийн арслан цолтой хүн түрүүлж байхад ямар ч бөх түрүүлж болно шүү дээ. Өнгөрсөн жил заан болсон Б.Батмөнх заан энэ жилийн турш их сайн барилдсан, бэлтгэл сайн байгаа. Монголчууд цол дагаж бяр нэмдэг гэж ярьдаг. Тэр утгаараа заан цолонд хүрчихсэн, улсын наадмын дөрөвт үлдчихсэн хүн дахиад дээгүүр барилдах боломж харагдаж байгаа. Ийм л бөхчүүд байна даа. Энэ олон өрсөлдөөн дунд наадам болно. Хэн нь ч түрүүлж магадгүй.

-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.