Өнөөдрийн ярилцлагаар өөрийн хүсэл сонирхлоороо арьсан эдлэлээр бүтээгдэхүүн хийдэг Т.Мөнхшүрийг онцолсон юм. Тэрээр 2020 оноос хойш арьсан эдлэлээр маск, мөрөвч, бэлт, түлхүүрийн оосор болон картны гэр зэрэг бүтээгдэхүүн хийж эхэлжээ.
- Сайн уу, өөрийгөө танилцуулаач, хэзээнээс арьсан эдлэлээр бүтээгдэхүүн хийсэн бэ?
Сайн уу Намайг Мөнхшүр гэдэг. Би хувцас дизайнер мэргэжилтэй. Одоогоор арьсан эдлэлийг өөрийн сонирхлын дагуу хийж байгаа. Хамгийн анх 2020 онд маск түгээмэл болж байсан үед өөртөө арьсаар маск хийж үзье гээд хийж байсан. Тэрнээс хойш захиалга авч хийж эхэлсэн.
- Яагаад арьсан эдлэлийг сонгох болсон бэ?
Арьсан эдлэлийг сонгосон шалтгаан нь арьс олон зуун жил байх чадамжтай. 100 хувь амьсгалдаг гэдгээрээ давуу талтай. Эдлэгдэх тусам өнгө нь улам гоё болдог болохоор арьсыг сонгож хийсэн.
- Хэзээнээс гар урлалд дуртай болсон бэ?
3 настайгаасаа хойш зураг болон гар урлалд дуртай болсон. Багаасаа ээжийгээ дуурайж гар урлалд дурлаж эхэлсэн. Манай ээж өөрөө юм нэхэх дуртай, гэхдээ зурж чаддаггүй. Ер нь намайг бага байхад цамц нэхээд дагуулж яваад гадуур зардаг байсан. Намайг 2-р ангид байхад хамгийн анх юм нэхэхийг зааж өгч байсан. Хонин холбоо, дэгээгээр гогцоо гаргахыг зааж өгнө.
Ээжтэйгээ хамт хүүхдийн цүнх хийгээд хамгийн анхны орлогоо олж байсан. Ээжийг юм хийхээр дагаж хийнэ. Бугуйвч хэлхэх ч юм уу тиймэрхүү маягаар багаасаа хамт наймаа хийгээд эхэлсэн. Ээж аав хоёр маань өөрсдөө гар урлалд дуртай болохоор тэр чинээгээрээ намайг тэмцээн уралдаанд оруулах дуртай хүмүүс байсан.
- Хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа вэ, нэг маск хийхэд ойролцоогоор хэдэн цагийг зарцуулж байна
Бүтээгдэхүүний төрлийн хувьд одоогоор маск, мөрөвч, бэлт, түлхүүрийн оосор болон картны гэр хийдэг. Гэхдээ хүмүүстэй харьцахад давуу тал болдог зүйл нь тухайн хүнийхээ сонирхлын дагуу, тэр хүний өөрийнх нь өнцгийг илэрхийлэх, дотоод сэтгэлийг нь гаргах бүтээл дээр ихэвчлэн хамтарч ажилладаг.
Би огт оёдлын машин ашигладаггүй. Дандаа гар цоолтуур болон тоног хадагч гээд 100 хувь гараараа хийдэг болохоор хэр их оёдолтой, хэр их ажиллагаатай гэдгээсээ шалтгаалаад зарцуулах цаг нь өөр өөр байдаг.
- Бүтээгдэхүүний онцлог давуу тал юу вэ?
Тухайн хүн юу зуруулмаар байна тэрийг уран зургийн будгаар, өөрийн гараар зурж өгдөг. Энэ хэвлэмэл биш 100 хувь гараар зурдгаараа онцлог
- Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл манай өвөө байгаа. Манай өвөө Франц Монголын Ардын зураач гэсэн цол тэмдэгтэй. Ер нь хүүхдүүдээ болон бүх үр ач нарыгаа бүхий л тал дээр дэмждэг, зуруулах дуртай. Харсаар байгаад л дуртай болчихдог юм билээ.
- Өвөөгийнхөө тухай дурсамжаас хуваалцаач
Өвөөгийн маань хэлсэн “Хүн бүр мөнх биш мөнх үйлддэг зүйл нь бүтээл юм” гэдэг үг нь гоё. Их сэтгэлд үлдсэн дээ.
Өвөөтэйгөө байхад хамгийн гоё дурсамж гэвэл, би янз бүрийн юм хийдэг. Хийсэн юмаа харуулахаар өвөө ерөөсөө болж байна гэж хэлдэггүй. За хийгээд бай, хийгээд бай гэнэ.Тэр нь их урам болдог байсан. Яагаад болж байна гэхгүй байгаа юм бол? Муухай хийчихсэн юм болов уу гээд л..Ингэж хий, тэгж хий гэхгүйгээр хийгээд бай, хийгээд бай, хийх тусам чи чадвартай болно гэдэг. Тэр нь ерөөсөө мартагддаггүй.
- Одоо арьсан эдлэл хийхийн хажуугаар ажил хийж байгаа юу?
Үгүй ээ. Одоохондоо ажил хийх боломжгүй байгаа. Манай эмээ 85 настай, асаргаа шаардлагатай учраас би ажил хийх боломж байдаггүй. Тийм учраас өөрийнхөө хоббигоор гар урлал хийж зарж байна.
- Захиалга хэр их байна
Захиалга ер нь бол давгүй ээ. Тодорхой хэмжээгээр өөрөө өөрийгөө цалинжуулчихдаг гэхэд хилсдэхгүй байх.
- Цаашдын зорилгоосоо хуваалцаач
Цаашдын зорилго гэвэл би өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсдэг. Одоо танигдаж байгаа нэр нь
JD JD гэсэн хаяг байгаа. Тодорхой хэмжээний намайг сонирхдог, миний хийсэн бүтээлийг сонирхдог, намайг дэмждэг хүмүүсээр бяцхан ертөнц бий болгосон.
Энэ жижиг ертөнцөө илүү том болгохыг хүсдэг. Монголд ийм юм хийдэг хүн байдаг гэдгийг дэлхийн зах зээлд мэдрүүлэхийг хүсдэг. Одоогоор би жижиг эдлэл хийж байгаа ч гэсэн яваандаа арьс, хувцас хоёрыг зэрэгцүүлээд бүтэн эдлэл хийдэг тийм хэмжээний бүтээгдэхүүнүүдтэй болохыг хүсдэг.
-Ярилцлагын төгсгөлд юу гэж хэлмээр байна
Боломжгүй гэж битгий бодоорой. Бүх зүйл боломжтой байдаг. Амжилтад хүрэхийн хамгийн гол тулгуур нь хүний итгэлийг алдахгүй байх гэж боддог. Захиалагчдаас захиалга ирэх болгонд “За яанаа энэ хүнээ гонсойлгочихгүй юм сан. Энэ итгэлийг нь алдахгүй юм сан. Одоо надаас ийм зүйл хүсэж байгаа юм чинь илүү хичээгээд гоё хийчих юм сан гэсэн хүсэл тэмүүллээр илүү их өөрийгөө дайчлах хүч надаас гардаг.
- Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье
Бичлэг үзэх: