Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2023.03.22 16:06
4019
Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж, царцаана

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Х.Нямбаатар: "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Авлигатай тэмцэх "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж, царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

АТГ-д шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, ажиллагааг тасалдуулж байгаа хүмүүсийн тоо 18 болсон. Бусад мөрдөх байгууллагуудад шалгагдаж байгаа хүмүүсийн тоо нийлээд 100 болсныг эрж хайх, нутагтаа авч ирэх, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж, прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа Монголд нээлгэсэн данснуудыг нь хаах үүрэг чиглэл өгсөн болсон. Үүнийг мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч хийхээр төлөвлөсөн" гэлээ.