Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.27 17:15
2439
Хутга, буугаар айлган сүрдүүлж мөнгө болон эд зүйлс шаарддаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн 461-р ангид саатуулжээ

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан иргэдэд түгшүүр төрүүлдэг М-ийн бүлгийн Г, О, З нар нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлжээ. 

Тодруулбал айлган сүрдүүлэн Lexus LX-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 

Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс ажлын хэсгийн урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан бөгөөд тухай этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.