Нийгэм
2023.03.27 18:19
15389
Хөдөлгөөн зохицуулалтын инженерүүдийнхээ тооцоолол судалгаанд итгэе 

           Улаанбаатарчууд бид хот болж суурьшихад хол байна даа. Ингэж хэлж буй шалтгаан нь Нийслэлчүүд бидний стресс бухимдлын бай болсон түгжрэл. Асуудлаа цэгцлэх зоримог шийд  гаргаж түгжрэлээ шийдээч гэж нэг хэсэг нь шүүмжлэх. Шийдэл олоод эхлэхээр  хотхоны эрх ашиг чухал болохоос хот нийтийн асуудал огт хамаагүй гэх.

           Уг нь  инженерүүд өөрсдийн  гаргасан судалгаа, тооцоолол, мэдээлэл дээрээ үндэслэн төвлөрлийг сааруулах үр дүн бүхий замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Тэр төлөвлөлтдөө тухайн хотхоны оршин суугчдын болон бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан хөдөлгөөн зохион байгуулалтыг хийнэ гэж тооцоолсон байна.

  • Нэгдүгээрт, Хуучнаар Механик инженерийн сургууль буюу МИС, одоогийнхоор МТС буюу Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчлөхөөр зохион байгуулалт хийх гэж буй.
  • Хоёрдугаарт, “Хөсөг трейд”-ийн баруун уулзварын хөдөлгөөнийг өөрчлөхөөр хөдөлгөөн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн.  

Хэл ам дагуулсан энэ хоёр өөрчлөлтийг хэрэгжүүлбэл, угтаа Улаанбаатарчуудын төв замын түгжрэл нийтээрээ саарна.  Тухайлбал,

Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчилснөөр “Баруун 4 зам, Гэсэр сүмийн уулзвар, Улсын их дэлгүүр, Энхтайваны өргөн чөлөө дагуух зам, цаашлаад Нарны гүүр, механик тээврийн сургууль орчмын түгжрэл саарч, нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29,9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

         Харин “Хөсөг трейд”-ийн баруун уулзварын хөдөлгөөнийг өөрчилснөөр Саппорогийн урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөн, ТЭЦ-IV-ийн зам, Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн түгжрэл багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөн 34.1 хувиар сайжирна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ.

          Энэ бол замаа мэддэг, автомашины хөдөлгөөн зохицуулалтаа ойлгодог, гэрэл дохио, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг харьцуулаад тооцоолдог мэргэжилтнүүдийн гаргасан судалгаа, үндэслэл, тооцоолол. Түүнээс түгжрэлийг арилгах гэхдээ нүдээ аниад, юу ч хамаагүй хийх гэсэн хийрхэл биш гэдгийг машинтай хүн бүр ойлговол үр дүнгээ өгөх шийдэл. Судалгаа тооцоон дээр үндэслэсэн энэ мэт шийдлийг бид хотхон, хорооллоо яриад эсэргүүцэж болохгүй. Нийтийн эрх нэг хүний эрхээр хязгаарлагддаг биш нэг нь нийтийн эрхийг дээдэлдэг байж гэмээнэ түгжрэлийг сааруулах энэ мэт шийдэл бодит ажил болж, үр дүнгээ өгнө. Унаа машинтай хүн бүр үр шимийг нь хүртэнэ. Бодлого шийдлийг боомилдог бус болгох гэж дэмждэг нь байя.