Нийгэм
2023.03.29 12:41
8751
БЗД-ийн засаг дарга Н.Баянмөнхийг огцруулах талаар БЗД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ

БЗД-ийн засаг дарга Н.Баянмөнхийг огцруулах талаар БЗД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ

БЗД-ын засаг дарга Н.Баянмөнх томилогдоод 2,5 жилийн хугацаа өнгөрч байна. Н.Баянмөнхөд цар тахлын үеэс шаардлагатай хөрөнгө мөнгө ажиллах боломжоор хангаж өгч байсан.

Гэвч тэрээр олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд дүүргийн иргэдийн эрх ашигт нийцсэн дорвитой ажил огт хийгдэлгүй өнөөдрийг хүргэлээ. Ковидын жилүүдэд БЗД-т төрийн албанд олон арван хүмүүс шууд томилсон байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хууль БЗД-т огт хэрэгжихгүй байгаагийн илрэл. БЗД-т төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нэрийдлээр 28 хороог 43 хороо болгож нэмэгдүүлсэн.

Төрийн үйлчилгээ авч чадалгүй хаягдах иргэд, төрийн үйлчилгээний хүнд суртал улам бүр нэмэгдсэн.

Гэтэл Н.Баянмөнх гэгч этгээд нь өөрийн хамаатан садан найз нөхөд хамаарал бүхий 43 хүнийг хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод 3 орчим жил болж байгаа зэрэг хуулийг гуйвуулж, иргэдийг хуурсан увиагүй үйлдлүүдийг гаргаж байна.

Тэрээр Дүүргийн засаг даргын хувьд дүүргийнхээ хүн ам, өрхийн тоогоо мэдэхгүй ажиллаж байгаа нь засаглалын хямралд орсон, энэ хүн засаг даргын үүргийг гүйцэтгэж чадахгүй байгааг илтгэж байна.

Түүний гаргасан хууль бус үйлдлүүдээс дурдвал:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн үндэслэлээр 2020 оны 11-р сард томилогдож он дуусахад 1 сар гаруй хугацаа дутуу байхад дүүргийн төсөвт тодотгол хийж Засаг даргын нөөц хөрөнгө дээр 2,5 тэрбум төгрөг төсөвлөсөн, зарцуулалт тодорхойгүй.
  • 2022 оны 4-р сарын 15 –ны өдрийн ДИТХ-ын 35-р тогтоолын хавсралтаар одоогоос 1 жилийн өмнө БЗД-н хүн амын тоо 459237, өрхийн тоо 132656 байхад 520 хэсэгтэй буюу ийм хэмжээний хэсгийн ахлагчтай байхаар баталсан.
  • Гэтэл ДИТХ-н хуралдаанаар хэсгийн ахлагчийн тоог 557 болгож нэмэгдүүлэхээр санал оруулж ирэхэд нь хүн амын тоо 408797, өрхийн тоо 113245 болж буурч хуралдаанд танилцуулагдсан нь Төрийн үйлчилгээний бүтцийг данхайлгахын тулд БЗД-н хүн амыг 50400, 19400 өрхөөр нэмэгдүүлж бүртгэсэн байгаа нь сонгуулийн луйврын шинжтэй байж магадгүй хардалт төрүүлж байна.
  • БЗД-н 26-р хороонд хөл хорио тогтоож байгаад хорооны Засаг даргын ажлыг булааж авсан. Энэ нь дүүргийн засаг даргын эрх хэмжээнд байж боломгүй үйлдэл. Бусад хороонууд дээр ч энэ жишгээр явсан. Бид шинээр 15 хороог нэмж байгуулсан нь хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын тоог нэмж сонгуульд ажилласан намынхаа гишүүд дэмжигчдийг ажилтай болгоё гэсэн зорилготой байсан гэж дүгнэж байна.
  • Нэгжийн тухай хуулийн 32-р зүйлд зааснаар тухайн Баг хорооны иргэд нь Иргэд нийтийн хурлаа хуралдуулж, хурлаараа иргэд нь өөрсдөө засаг даргаа сонгодог. Өнөөдрийг хүртэл хорооны иргэд хурлаа хийж чадаагүй, хороодын засаг дарга нар бүгд үүрэг гүйцэтгэгч нар байгаа.

Ингэж анхан, дунд шатанд төрийн ажил дампуурсан байна.

БЗД нь нийт 0-16 насны 159000 хүүхэдтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 8 эмч, 220 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба өдөрт 250-300 хүүхэд яаралтай тусламж авах хэвтэж эмчлүүлэх шаардлага гардаг. Холбогдох хуулиудын дагуу дүүргийн захиран зарцуулах төсвийн хэмжээ өмнөх жилүүдээс 10 дахин нэмэгдсэн байхад дүүргийн иргэдийн тулгамдсан асуудал болох Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээг өдий хүртэл авч ажиллаагүй байна. Мөн 15 хороог нэмж байгуулсан хэдий ч өнгөрсөн хугацаанд нэг ч Өрхийн эмнэлгийн шинээр нээж ажиллуулаагүй зэрэг үйлдлүүд нь БЗД-н засаг даргыг огцруулахад хангалттай үндэслэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.