Эдийн засаг
2023.03.29 16:38
1487
Үндэсний үйлдвэрлэгчид ажил хэрэгч өглөөний цай уулзалт хийлээ

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдийн "Ажил хэрэгч өглөөний цай" уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Зээлийн батлан даалтан сангийн Бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир болон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн 50 гаруй төлөөлөл оролцож, салбарын нийтлэг асуудлууд болон цаашид хамтарч хийж бүтээх зорилтоо хэлэлцлээ.

Арга хэмжээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Төрийн тэргүүний санаачилгаар 5 жилийн хугацаанд хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн "Хүнсний хувьсгал" болон өргөжиж байна. Аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлэх нөхцөл бүрдэж буй энэ үед үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо мэдээллээ солилцож, нэгдэн нийлж ажиллах нь чухал. Иймээс Ерөнхийлөгчийн тамгын газар ЖДҮҮ эрхлэгчид, баялаг бүтээгчдийг хооронд нь ойртуулж, нэгдэхэд дэмжиж ажиллана. Мөн УИХ-аас баталсан 36 дугаар тогтоолын бодлого арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд үйлдвэрлэгчид рүү чиглэсэн сургалт олгох, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Долоо хоног бүр үе шаттай явагдах уулзалт хэлэлцүүлэгт та бүгдийн санал хүсэлтийг хүлээн авч, цаашид хамтран ажиллах болно" гэлээ.

Мөн Зээлийн батлан даалтын сангийн Бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир зээлийн батлан даалттай холбоотой нийтлэг асуултад хариулж, үйлдвэрлэгчдэд шаардлагатай мэдээллийг өглөө.

Баялаг бүтээгчдийн ажил хэрэгч өглөөний цай уулзалт нь чөлөөтэй ярилцах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжоор оролцогчдыг хангаж чадсан бөгөөд энэ үеэр олон шинэ бизнесийн хамтрагчид бий болсноороо онцлог байв. Иймд цаашид тогтмол зохион байгуулах болсныг зохион байгуулагчид хэлсэн юм.