Г.Лхагвадулам
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.30 10:50
16538
“Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих" сургалт- хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд худалдан авалтын талаар танилцуулга мэдээлэл өгч, санал солилцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарт төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, "Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем" зэрэг салбарын бодлого, орчин нөхцөлийн талаар танилцуулж, санал солилцох сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2023.03.30/ Монгол Улсын Их Сургуулийн Багш, оюутны хөгжлийн төвийн Хурлын танхимд эхэллээ.

Арга хэмжээнд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
  • Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд,
  • Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах шинжээч Л.Амгалан,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу болон ЕТГ, Сангийн яамны холбогдох албаны хүмүүс, мөн үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн 150 гаруй төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр сургалт-хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа 2019 оныг "Эх оронч худалдан авалтын жил" болгон зарлаждотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, иргэдэд орон даяар уриалан "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн, арга хэмжээг анх удаа зохион байгуулж байсан. Мөн өнгөрөгч 3 дугаар сард "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэнг зохион байгуулсан билээ. Дээрх арга хэмжээнүүд нь үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд чухал алхам болсон. Цаашид төрийн тэргүүний санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн "Хүнсний хувьсгал" болон эрчимтэй өргөжиж буй энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид та бүхэн төрийн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэр, цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авч, төр засагтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Иймээс Ерөнхийлөгчийн тамгын газар "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний бодлого арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудаас үйлдвэрлэгчид рүү чиглэсэн сургалт олгох, уулзалт хэлэлцүүлэгийг үе шаттай зохион байгуулах ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Өнөөдрийн сургалт-хэлэлцүүлэгээр төрийн байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой дотоодын үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчид /захиалагч, нийлүүлэгч/ худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах ёстой асуудлын талаар мэдээлэл өгч, хоёр тал хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм" гэлээ.

Энэхүү арга хэмжээний зорилго нь УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, "Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем", ерөнхий гэрээ, цахим дэлгүүр танилцуулах, санал солилцох юм.

Үргэлжлүүлэн Сангийн яам, Төрийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбоотой асуудал, ерөнхий гэрээ, цахим дэлгүүртэй холбоотой нийтлэг асуултад хариулж, үйлдвэрлэгчдэд шаардлагатай мэдээллийг өгнө.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарСангийн яамТөрийн худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж байна.