Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.30 13:28
3476
Өмнө нь ялаар шийтгэгдэж байсан этгээдүүд зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг дээрэмдэхийг завджээ

Урьд нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд хамтран бусдыг айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг нь авах гэмт хэрэг гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тодруулбал Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар нь бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авахаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохирогчийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэжээ.

Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан байна. Гэмт этгээдүүдийн эл үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Гэмт хэргийг үйлдсэн гэх Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад ЭХ-ийн 123.3 хулгайлах, 126.1 хүчиндэх, 147.2, 148.1 залилан мэхлэх, 149.1 бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх, 181.2 танхайрах, 261.1 оргон зайлах, 98.1 хүнд гэмтэл учруулах, 20.16 олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, 2.1, 20.7 мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, зэрэг ялаар шийтгэгдэж байсан аж.

Түүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээдүүд аж.