Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ХТПК-Хүнс, технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хүнс, технологийн политехник коллеж нь хүнсний үйлдвэрлэлийн технологи, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, эрүүл ахуй, зочид буудал, зоогийн газрын удирдлага, хоол үйлдвэрлэлийн менежмент, хөргөлтийн технологи ба систем мэргэжлүүдээр оюутнуудыг мэргэшүүлж байна.
Дотоодын томоохон компаниудтай хамтран суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, онолын судалгаа хийх, бүтээгдэхүүний ач холбогдлыг олонд таниулах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Мөн хүний биед ач холбогдол бүхий шинэ бүтээгдэхүүний туршилт, үйлдвэрлэлийг явуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулдаг.
Гадаад харилцааны хувьд гаднын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.