Баялаг бүтээгч
2023.04.04 18:25
6685
Түм түмээрээ үржих Хоол үйлдвэрлэлийн салбарыг, Бум бумаар нь өсгөх Үйлдвэр худалдааны “Чиглэл” ХХК

  Үндэсний үйлдвэрлэгчдээ алдаршуулах зорилготой “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,  “Чиглэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Бумцэнд оролцлоо. Тэрээр 40 гаруй жил эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөрч хичээнгүй, тууштай зан чанараараа баялаг бүтээгчдээ манлайлж буй шинэхэн гавьяат юм.

   Харин нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр эх орны байгалийн дээрх баялагаар хэрэглэгчдийн арьсанд хамгийн тохиромжтой арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  “Lhamour” брэндийг Үүсгэн байгуулагч, залуу үйлдвэрлэгчдийн төлөөлөл Д.Хулан оролцож, нэвтрүүлгийн зочинтой сонирхолтой бөгөөд мэдлэг, мэдээлэл дүүрэн яриа өрнүүлсэн юм.

“Чиглэл” ХХК-ийг хүнс , хоол үйлдвэрлэлийн салбарынхан андахгүй. Анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1996 оноос “Чиглэл” ХХК нэртэйгээр  өргөжин тэлж дэлгүүр, цайны газар, ресторан, бар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, амралт сувилал зэрэг газруудын гал тогооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл манай улсын шилдэг тогоочид, үйлчилгээний газруудын хувьд хамгийн сайн түнш нь гэсэн үг.

2005 оноос эхлэн БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр байгууллагуудын захиалгаар 30 гаруй нэр төрлийн 140 гаруй тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ “НМЗ-Я” маркийн тогоо, 4 ширэмтэй цахилгаан зуух, бэлтгэлийн ширээ зэрэгт Евразийн эдийн засгийн холбооны тохирлын деклараци авсан байна.

  Нийт 140 гаруй хүнийг ажлын байраар хангахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд 40 гаруй хорих ангийн хүмүүжигч, 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж, ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна ажилчдынхаа тав тухтай, тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч орон сууц бэлэглэх, урамшуулал олгох зэрэг ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Мөн энэ салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байдаг. Шинэ төгсөгчид ч шууд ажиллах боломжгүй. Иймд “Чиглэл” ХХК сургалтын үйл ажиллагаа явуулж, боловсон хүчинээ өөрсдөө бэлдэн, ажлын байраар хангасаар иржээ.

  Харин тус компанийн Үүсгэн байгуулагч Ц.Бумцэнд бол энэ байгууллагынхаа төдийгүй, салбарынхаа зүрх нь болсон нэгэн юм. Түүний уйгагуй оролдлого, хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр монголчууд хоол хийх саваа өөрсдөө үйлдвэрлэдэг болж чадсан. Мэдээж энэ салбарт адилхан үйлдвэр эрхэлдэг хүмүүс бий. “Чиглэл” компани олон жилийн туршлага болон чанар, материалын хувьд тэднийг манлайлж байна.  Мөн тэрээр цаг наргүй хөдөлмөрлөхийн хажуугаар үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийнхээ дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалах ажилд идэвхтэй оролцдог. Тэрээр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэдэг дуунд маш их хайртай бөгөөд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болохдоо энэ дуугаа сонсоод өөрийн эрхгүй уйлснаа хуучилсан юм.

Түүний дотны найз Жүжигчин М.Дорждагва  “Чиглэл” ХХК-ийн 30 жилийн ойд зориулж шүлэг тэрлэсэн нь байгууллагыг ч тэр, хүнийг нь ч тэр бүрэн илэрхийлжээ.

Хоол үйлдвэрлэлийн салбарыг 30 жил Чиглүүлж

Хорин нэгэн аймагтаа 30 жил манлайлж

Нийслэл хот 9 дүүрэгтээ мөрөө гаргасан Чиглэл

Нийтийн хоол, Худалдаа үйлчилгээнд Нэрээ дуудуулсан Чиглэл

Түм түмээрээ үржих Хоол үйлдвэрлэлийн салбарыг, Бум бумаар нь өсгөх Үйлдвэр худалдааны Чиглэл

Төрийн алба Хувийн бизнес аль л хэрэгтэй газар нь, Төвөггүй хүрч Саадгүй ажиллах, Найдварын баталгаа Чиглэл

Аялал ч гэмээр амьдралд, Баялаг бүтээсэн Чиглэл

Амьдрал хэмээх Түгжрэлд гацаж саатаагүй Чиглэл

Эрин зууны амьдрал дахь,  Хоолны салбар Өнгийг, Энэ цагийн бид Амлаж аван ЧИГЛҮҮЛНЭЭ

Амьдрах цаг үеийн минь сайн нөхөр, Ажил мэргэжлийн минь садан сүлбээ, Эрхэм нөхөр чинийхээ Их Бүтээн байгуулалтын тань Амжилтаа дуудуулсан 30 жилийн ойн баярын мэндийг Хамт олонд тань ЧИГЛҮҮЛЭН илгээлээ

Амжилт хүсч Баяр хүргэе  Анд минь.. гэжээ.

Хоол үйлдвэрлэлийн салбарыг 30 жил чиглүүлж буй “Чиглэл” компанийн дараагийн зорилт ажил болж хэлсэн гэхэд буруудахгүй биз.  Дэлхий нийтийг цочролд оруулсан цар тахлын жилүүдэд зарим үйлдвэр сав баглаа боодолгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоож байсан. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлаа дотооддоо үйлдвэрлэх ёстой гэдгийг ойлгоцгоосон. Иймд төр засгийн бодлого шийдвэрт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих агуулга тогтмол тусгагдаж байна. Үүнд “Чиглэл” компанийн хувь нэмэр их бий. Өөрөөр хэлбэл монголчуудын ахуйн хэрэглээний нэг хэсэг болсон хуванцар савыг халах тэдний зорилт болжээ. Ингэснээр ард түмнийхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Бид өвчин туссан, хор уршгийг нь мэдэрсэн үедээ л харамсдаг. Түүнээс өмнө хямд үнээс нь болж асар их хор уршигтайг нь ч үл тоон хуванцар савыг сонгон хэрэглэдэг. Гэтэл хуванцар саванд зөвхөн хог л хийх ёстой гэдгийг хохирсон иргэд хэлдэг. Иймд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг “Чиглэл” ХХК-ийн хамт олон уриалж байна.