Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.04.06 08:08
1520
Д.Мөнх-Эрдэнэ хэлмэгдэж байна уу эсвэл гэм буруутныг яллах гэж байна уу

2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өглөө   09:30-д эхэлсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийн гэм бурууг тогтоох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсэн ч шүүх хурлын шийдвэр гаралгүй гурав дахь өдрөө болох гэж байна. 

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хувьд БНХАУ-д Консулын албан тушаалыг хашиж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдээлэл тараасан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хахууль өгсөн зэрэг хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Тэрээр авлига хээл хахууль, бугшсан нийгмийн будилааны тухай зоригтойгоор дугарч шүгэл үлээдэг нэгэн. Тиймдээ ч иргэд Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч шүүх засаглал санаатайгаар залхаан цээрлүүлж, ял оноох гэж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлж түүнийг суллахыг шаардан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа жагсаж байна. 

Хэдийгээр Д.Мөнх-Эрдэнэ өндөг шиг өөгүй, гэм буруугүй нэгэн биш тохирох шийтгэлээ эдлэх ёстой ч гэсэн түүний шүүх хурал шүүгдэгчийн саналыг үл хүндэтгэн удаа дараа хойшилж байгаа нь үүний цаана ямар нэгэн эрх ашиг хөндөгдөж байна уу гэх асуулт гарч ирж байна.

Шүүх хурлын үеэр Д.Мөнх-Эрдэнэ "Миний амьдралыг шийдэх гэж байгаа учраас хавтаст хэрэгтэйгээ танилцмаар байна, өмгөөлөгч авъя" гэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч шүүх бүрэлдэхүүн түүний саналыг хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн юм.

Хэрвээ шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзвал шүүх хурал 14 хоногоор хойшилдог боловч Консул асан Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал нэг л засварлаад л үргэлжлэв.

Энэ мэт эргэлзээ төрүүлэх олон асуудлын цаана шүүх хуралдааны шийдвэрийг чих тавин чагнаж суугаа иргэд ч олон бий. Тиймдээ ч Ардчилсан намын гишүүд болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Хэрвээ Д.Мөнх-Эрдэнийг хоривол бид тэмцэнэ, ард түмнээ уриална" хэмээн ярилцлага өгсөн байдаг.


Түүний гэм бурууг шүүх хурал хэрхэн шийдэгдэх, түүнд яллах дүгнэлт үйлдэх эсэх асуудал олонх нийтийн хараанд байгаа юм.