Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.06 11:32
1566
Л.Энхамгалан: 2024 оноос эхлэн сургууль бүхэн хүүхэд хамгааллын төсөвтэй, хүүхэд хамгааллын төвтэй, хүүхэд хамгааллын дэглэмтэй болно

Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон сургуулийн нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх "Хүүхэд хөгжил, хамгаалал- сургуулийн нийгмийн ажилтан" зөвлөгөөний үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энхамгалан мэдээлэл хийлээ. Тэрээр,

"Засгийн газар Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсролын багц хуулийн шинэчлэл, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гэсэн гурван хуулийн уялдааг хангаж ажиллана.

ХНХЯ,Боловсролын яам гэх мэт яамдууд тус тусдаа хүүхдийн эрхийн тухай хууль батлуулдаг. Энэ нь хууль хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хоорондын уялдаагүй байдлыг харуулж байна. Ийм учраас тогтолцоогоо шинэчлэх, хууль эрх зүйн уялдааг хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд боловсролын багц хуулийн шинэчлэл, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нэгэн зэрэг батлагдаж гарч байна. 

Энэ хуулиар хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалд хувь заяа нь илүү холбоотой байдаг нийгмийн ажилтнуудын өмнө тулгамдаж буй эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хийж эхэлж байна.

Сургуулийн хүүхдийн тооноос хамаарсан нийгмийн ажилтан байх ёстой. Өнөөдөр сумын төвийн 200 хүүхэдтэй сургуулийн нийгмийн ажилтан, 6000 хүүхэдтэй сургуулийн нийгмийн ажилтны ачаалал эрс ялгаатай. Ийм учраас бага, дунд, ахлах түвшинд хүүхдийн тооноос хамаарч нийгмийн ажилтанг томилдог болно.

Мөн хүүхэд хамгааллын төсөвтэй болж байна. 2024 оноос эхлэн сургууль бүхэн хүүхэд хамгааллын төсөвтэй, хүүхэд хамгааллын төвтэй, хүүхэд хамгааллын дэглэмтэй болно. 

Монгол улсын Засгийн газар сэтгэл зүйч нарыг төрийн өмчийн сургууль дээр ажиллуулж эхэлсэн. Энэ оны есдүгээр сарын 1 гэхэд сургуулиудын 3/2-т нь сэтгэл зүйч нарыг ажиллуулж эхэлнэ. Ирэх есдүгээр сард бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах боломжоор хангана. 

Сургуульд нийгмийн ажилтан нэгдүгээрт, тэгээд сэтгэл зүйч, хоол зүйч, эмч, номын санч гэсэн энэ багуудыг сургууль дээр дэмжих баг буюу сургуулийн бүтцэд алба болгож оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн үдийн хоол, эрүүл мэндийн хичээл, иргэний ёс зүйн хичээл зэрэгт анхаарч ажиллахаар төлөвлөж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: