Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.04.12 14:12
2958
Д.Уламбаяр: Н.Баярмөнх 2023 онд 25 тэрбумын төсөв батлуулсан ч иргэдийн амьдрал 5 дахин доройтсон

БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгчид тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудлаар хуралдлаа.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Уламбаяраас тодруулахад, "Төлөөлөгчдийн зүгээс Н.Баярмөнхийг хуралд оролцож байгаа байдал, үйл ажиллагааны хэрэгжилт муу гэж дүгнэж байгаа бөгөөд 43 хорооны Засаг даргыг томилсноос өөрөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаагүй. Иргэдийнхээ тоог ч мэддэггүй. Хардлагаар өөрсдийнхөө намын ухуулагч нарыг ажлын байраар хангах гэж хэсгийн ахлагч нарын тоог 50-аар нэмэгдүүлсэн.

Маш олон хууль бус томилгоонууд хийсэн. 2020 оны төсөв 50 тэрбум байсан бол 2023 онд 250 тэрбум болж нэмж батлуулсан атлаа иргэдийн амьдралд хүрсэн ганц ч бүтээн байгуулалт хийгээгүй. Иргэдийн амьдрал харин ч тав дахин доройтсон!" гэж үзэж байгаа тал хариуцлага нэхэж огцруулах нь зүйтэй гэж үзэж буй аж.

Харин БЗД-ийн ЗД-ын орлогч Г.Жаргалсайханы зүгээс "2020 онд Н.Баярмөнх Засаг даргаар томилогдсоны 4 хоногийн дараа Монгол улс дотооддоо ковид алдсан. Үүнээс шалтгаалан амаргүй цаг хугацаа байсан. Манай дүүрэг том дүүрэг тул бүх асуудлыг шийдэхэд хүндрэлтэй ч заримыг нь шийдээд явж байгаа. Хүн солио ажил явдаггүй тул Засаг даргыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байгаа" гэв.


БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн хөрөнгө орлогын хураангуйг тоймлон хүргэж байна. 

2020 онд 88,5 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд буюу ковид цар тахлын үед 113,6 сая болж нэмэгджээ.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд гурван үйлчилгээний зориулалттай барилга, гурван нийтийн орон сууц, нэг авто зогсоол эзэмшдэг байх бөгөөд нийт үнэлгээ нь 6,6 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг бол 1,2 тэрбум төгрөгийн 1500 м2 газартай аж. 

Мөн 644 сая төгрөгийн зээлтэй, 37 сая төгрөгийн хадгаламжтай. ТИ Эйч Холдингс ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Эрдэнэс таван толгой ХК зэргээс хувьцаа эзэмшиж, ногдол хувь хүртдэг тэрээр Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, LEXUS RX330, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 гэсэн автомашинууд хөлөглөдөг байна.