Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.04.13 16:19
1722
ХААН Банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол боллоо

Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкны нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр боллоо.

 Цан цохих ёслолын арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, тэргүүлэх андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК-ийн захирал Д.Даянбилгүүн, дэд андеррайтер “Таванбогд капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ болон албаны бусад хүн оролцлоо.

ХААН Банк нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа ийнхүү эхлүүллээ.

Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгийн 35 хувийг дижитал шилжилт, мэдээллийн технологийн хөгжүүлэлтэд, 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрт, үлдсэн 31 хувийг урт хугацаат орон сууцны хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулахаар төлөвлөж байна.

Монголын нийт хүн амын 82 хувьд хүрч үйлчилдэг ХААН Банк үүсэн байгуулагдсанаас хойших 32 жилийн хугацаанд амжилт бүтээлээрээ ялгаран, үндэсний хэмжээний тэргүүлэгч, хамгийн хүчирхэг арилжааны банк болон өргөжин тэлсээр байна.

Хувьчлагдсанаас хойш өөрийн нийт хөрөнгө 169 дахин өссөн бөгөөд өдгөө нийт актив 15 их наяд, зээлийн багц 8.0 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөгт хүрээд буй нь нийт банкны системийн хэмжээнд тэргүүлсэн хамгийн дээд үзүүлэлт юм.

ХААН Банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслолын нээлтэд оролцсон эрхмүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

“ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Дарьбум: Өнөөдөр ХААН Банк нээлттэй хувьцаат компани болох, түүхэн хөгжлийнхөө шинэ гарааг эхлүүлж, хөрөнгийн зах зээлд анхдагч арилжааны цан цохиж байгаадаа баяртай байна.

Монгол орны өнцөг булан бүрд хүрч үйлчилдэг, хамгийн өргөн сүлжээ бүхий салбар нэгжээрээ дамжуулан ХААН Банк гуч гаруй жилийн турш харилцагчдадаа банкны үйлчилгээг цаг тухай бүр, шуурхай, найдвартай үзүүлж ирсэн билээ. Өдгөө 2.8 сая харилцагчтай манай ХААН Банк нийт актив хөрөнгийн хэмжээгээр салбартаа тэргүүлж буйгаас гадна дижитал шилжилтэд хөл нийлүүлж, жилдээ нэг тэрбум орчим санхүүгийн гүйлгээ хийж байгаагийн 99 хувь нь цахим сувгаар дамжиж байна. 2017 оноос хойш ХААН Банкны ашиг жил бүр дунджаар 26 хувийн өсөлт үзүүлэн, 2022 онд 449 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Ирээдүйн хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй урт хугацаанд, үр шимтэй,  амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Хөрөнгийн зах зээлд томоохон хэмжээнд тооцогдох арилжаа эхлэхэд бэлэн болжээ. 2021 онд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын холбогдох яам агентлагуудтай хамтран банкны шинэчлэлийн хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотой таван томоохон зорилт тавьсны нэг том бүлэг хэсэг болох банкийг, тэр дундаа системийн нөлөө бүхий таван банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэр рүү шилжүүлэх ажил хуульчлан батлагдсан. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр том банк буюу Голомт банк, Төрийн банк олон нийтэд хувьцаагаа амжилттайгаар нээлттэй арилжаалсан. Нэмээд ХААН Банк нийтэд хувьцаагаа арилжаалахаар анхны арилжааны цан цохиж байна. Төр засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлого, хөтөлбөрүүдэд идэвх санаачилгатай оролцож буйд ХААН Банкны хамт олон, гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигч нартаа төр засгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдрийн ажил улам амжилттай болж, дэлхий дахинаа цар тахал, дайны нөхцөл байдал зэргээс үүдсэн сорилтуудтай байгаа энэ үед эдийн засаг, банк санхүүгийн салбар тогтвортой байж, өргөн дэлгэр өсөлтийг авчрах болтугай хэмээх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал: Банкны салбарт хийж буй реформын хүрээнд системийн нөлөө бүхий таван банкийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй компани болгож, үр ашиг, засаглалыг нь сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг та бүхэнд дуулгахад таатай байна. ХААН Банкны тухайд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгоно. Үндсэндээ 183.4 тэрбум буюу Монголын хөрөнгийн биржийн түүхэнд анхдагч арилжааны хамгийн том мөнгөн дүнтэй арилжааг хийхээр төлөвлөж байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж буйг онцлон тэмдэглэе. Энэ аж ахуйн нэгж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар манай хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хөрөнгийн зах зээлийн бас нэгэн чанартай бүтээгдэхүүн болж орж ирлээ гэж үзэж байна. Ингээд Хамтын өсөлт төгөлдөр уриатай ХААН Банкныхаа хамт олонд амжилт хүсье. Үүний зэрэгцээ тэргүүлэх андеррайтераар ажилласан БиДиСек ҮЦК-ийн хамт олон, дэд андеррайтераар ажилласан Таванбогд капиталкомпанийн хамт олонд амжилт хүсэж, баяр хүргэе.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан цагаас эхлэн ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагууд, хувьцаа эзэмшигчид энэ хуулийг дэмжиж, талархан хүлээн авсан. Хуульд заасны дагуу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох үүргээ амжилттай биелүүлэхээр ажлын хэсгээ байгуулж, мэргэжлийн компаниудаа сонгон хөрөнгийн зах зээл дээр үнэ цэнтэй, шинэ бүтээгдэхүүнийг гаргах хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллалаа. ХААН Банкны сүлжээ бүх аймаг, сум, суурин газарт байдаг. Тиймээс бид энэхүү өргөн сүлжээгээр дамжуулан хөрөнгийн зах зээл гэж юу болохыг хүмүүст таниулж, тодорхой хэмжээний мэдлэгтэй, туршлагатай болгож, хөрөнгийн зах зээл дээрээс орлого олж болдог, ялангуяа тэтгэвэрт гарсан хойноо ногдол ашгаараа тухтай таатай амьдрах боломж бий гэдгийг ойлгуулахыг хүссэн. Санхүүгийн зохицуулах хороо, нийт арилжааны банкууд, МҮОНРТ-тэй хамтран “Ногоон сум” аяныг зарласан нь ийм учиртай. Энэ аяны хүрээнд бид жил гаруйн турш олон аймаг, сумаар явж, харилцагчдадаа хөрөнгийн зах зээлийн тухай мэдээлэл түгээж, энэ талын боловсрол олгоход анхаарч ажиллалаа. Өнөөдөр энэ бүх ажлын үр дүн гарч, анхдагч зах зээлийн арилжааны цан цохиж байгаад маш их баяртай байна. Бид цаашид үргэлжлүүлэн амжилттай сайн ажиллана гэдгээ ХААН Банкны ирээдүйн хувьцаа эзэмшигчдэдээ хэлье.

БиДиСек ҮЦК” ХК-ийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүн: Монголын хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагч, дотоодын иргэд байгууллагууд гээд хэн ч орж ирээд өөрийн багцдаа худалдан авах, байнга хадгалж байх ийм үнэт цаас хөрөнгийн зах зээлийн лангуун дээр гарч буйд туйлын баяртай байна. Манай хөрөнгийн зах зээл дээр гадны хөрөнгө оруулагчид том дүнгээр орох боломжтой болж байна. Бид олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагчидтай ярилцах боломж гарч ирлээ. Тиймээс энэ өдөр хөрөнгийн зах зээлийн түүхэн өдрүүдийн нэг болон бичигдэх биз ээ. Хөрөнгийн зах зээлийн хамгийн сайн хувьцаа аль нь вэ гэвэл ХААН Банкны хувьцаа гэж хэлж болно. Хөрөнгө оруулсан тохиолдолд ханш нь тогтвортой өсөж, тогтвортой ашиг өгөх ийм хувьцаа гарч буй нь үнэхээр баярлууштай үйл явдал. Хөрөнгийн зах зээл дээр тодорхой нөхцөл байдлын улмаас үнэ ханш хөдөлдөг, савладаг. Харин үүн дээр санхүүгийн байгууллага, гадны хөрөнгө оруулагчид, Засгийн газар, хамтын хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээл рүү хөрөнгөө тэлснээр манай зах зээлийн үнэлгээ удахгүй 10 их наяд, магадгүй нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй компаниуд бүхий зах зээл болж ирнэ. Тэр үед зах зээл дээр ямарваа хөдөлгөөн гарсан ч савлахгүй, цаашид улам өсөж байдаг тийм зах зээлийг бид бэлгэдэн хүлээж байна.

ХААН Банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 4-р сарын 13-19-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр явагдах бөгөөд бүх үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар ажиллаж буй “БиДиСек ҮЦК” ХК-д хувьцааны данс нээх бол https://bit.ly/BDSec-DansNeeh, туслах андеррайтераар ажиллаж буй “Таванбогд капитал ҮЦК” ХХК-д хувьцааны данс нээх бол https://trader.tavanbogdcapital.com/ холбоосоор тус тус хандах боломжтой юм. Хэрэв та ХААН Банкны харилцагч бөгөөд онлайн бүртгэлийн үйлчилгээний гэрээтэй бол үнэт цаасны дансгүй байсан ч https://ipo.khanbank.com сайтаар хандан захиалга өгөх боломжтой гэдгийг дуулгая.

ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгж, эсвэл Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 лавлах утсаар холбогдон банкны  ажилтнуудаас мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк