Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч "Ханбогд Кашимер" ХХК-д ажиллалаа.
Тус компанийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг ангилан ялгах, угаах дамжлага, самнах, сүлжих болон зөөлөн оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаагаа товч танилцууллаа.
Тус компани 500 гаруй ажилтантай бөгөөд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм байна. Жилд 1,500 гаруй тонн ноолуур боловсруулж, 200,000 ширхэг сүлжмэл, 150,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд ноолуурын экспортоор тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг болж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж иржээ.
Харилцагч малчдад малын хивэг, тэжээл нийлүүлж, малыг нь вакцинжуулалтад хамруулахаас гадна хүүгүй зээл өгч хамтран ажилладаг. Ноолуураа самнаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 4,000 ажлын байр бий болж, 600 сая ам.долларын орлого олох боломж байгаа тухай Ерөнхий захирал Ч.Ганцэцэг хэлэв. Тус компани ойрын хугацаанд Итали Улсын хөрөнгө оруулалтаар хамтарсан хоёр үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.